ВИДЕО: "Их хаадын чулуу" ХХК анхны цул алтан шатрыг бүтээж, нээлтээ хийлээ

ВИДЕО: "Их хаадын чулуу" ХХК анхны цул алтан шатрыг бүтээж, нээлтээ хийлээ

Монголын үнэт эдлэл, урлагийн салбарт түүхэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал өнөөдөр /2025.09.25/ Чингис Хаан Үндэсний Музейн “Мөнгөн мод” танхимд боллоо. “Их хаадын чулуу” ХХК дэлхийн стандартад нийцсэн гурван бүтээлээ олон нийтэд анх удаа толилуулсан нь Монголын уран бүтээлчид импортыг орлохуйц үнэт урлалыг эх орондоо хийх бүрэн чадамжтайг харууллаа.

ВИДЕО:

Нээлтийн хамгийн гол бүтээл бол эрдэнийн алтан шатар байв. Дэлхийн шатрын холбоо (FIDE)-ийн стандартад нийцүүлэн урласан энэхүү тансаг шатар нь шар өнгийг шижир алтаар, цагаан өнгийг цагаан алтаар хийсэн онцгой шийдэлтэй. Шатрын хөлгийг эбони модоор урлаж, цагаан нүдийг дээд сортын цагаан хаш, хар нүдийг хар хаш чулуугаар бүтээжээ. Ингэснээр үнэт чулуу, нарийн гар урлал, спортын соёлыг хослуулсан дэлхийн жишиг бүтээл төрсөн юм. 

Хоёр дахь бүтээл бол Луут хуур. Улаан шүрэн толгой, шижир алтан чимэглэлээр гоёсон энэхүү хуур нь зөвхөн хөгжмийн зэмсэг бус урлагийн үнэт бүтээл болжээ. Хуурын царыг нэг ширхэг хялгасаар 11 сарын турш зурж, толгойн улаан шүрийг 3 сарын турш нямбай сийлсэн байна. “Их хаадын чулуу" ХХК-ийн урлаачид хоёр жил гаруй хугацаанд хөдөлмөрлөж, Монголын дархны ур ухаан, тэсвэр хатуужлыг шингээсэн өвөрмөц бүтээлийг төрүүлжээ.

Гурав дахь онцлох бүтээл бол Чингис Хаан эмээл. XIII зууны язгууртан Монгол эмээлээс сэдэвлэн бүтээсэн уг эмээл адууны шүдэн оруулга, улаан шүрэн тоног, алт, мөнгөн шармал хийцээрээ эрхэмсэг, сүр жавхлантай. Эмээлийн хийц бүрд Чингис хааны бэлгэдэл, байгуулсан их үйлсийг урлан тусгасан нь Монголын түүх, соёлын өвийг уран нарийн хийцээр илэрхийлжээ.