Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал, эх орны хөрсөнд ургасан чанартай хүнсний ногоогоор хангах зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Био комбинатад 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төслийг БНСУ-ын "КОЙКА" олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд хүнсний нарийн ногоо тариалах хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл, хадгалалтын зоорь байгуулна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт хүлэмжийн тариалалт 16 га талбай буюу нийт хүлэмжийн тариалалтын талбайн 32 хувийг эзэлдэг байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 89 аж ахуй нэгж, 445 иргэн нийт 50.1 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Үүнээс 23.5 га талбайд өвлийн хүлэмж, 26.6 га талбайд зуны хүлэмжид тариалалт хийдэг. Жилдээ 2500-3400 тонн ургац хураан авдаг. Гэвч нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг 60 мянган тонн гэж тооцдог. 50 га талбайд өвлийн хүлэмж нэмж байгуулснаар жилдээ 16.5 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэглээг 100 хувь хангах боломж бүрдэх аж.