Сүүлийн өдрүүд, ирэх өдрүүдийн улс төрийн гол сэдэв нь дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэх асуулт байх бололтой байна.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026.11.17-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа мэдэгдсэн. Улмаар өчигдөр /2026.11.18/ түүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 77.8 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, дэмжсэн юм. Мөн УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүндэтгэн хүлээн авна гэдгээ илэрхийлээд байна. Цаашилбал, Ерөнхий сайд Н.Учрал дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн товыг хуулийн хугацаанд буюу 2026.12.20-ны дотор зарлана гэдгээ хэлэв. Ингэснээр дараагийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 2027.03.20-ны хавьцаа болохоор байна.
-АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ-
Энэ мэдээ өнөөдөр олон сар хүлээж, “тачаадаж” буй хүмүүсийн хувьд ихээхэн баяртай мэдээ байх бололтой. Тэгвэл юуны өмнө Монгол Улсын төрийн тэргүүнд хуулиар ямар шаардлага тавьдаг талаар тайлбарлая.
Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2 болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна.
- 50 нас хүрсэн байх;
- Монгол Улсын уугуул иргэн байх;
- Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх;
- Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх;
- Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;
- Сэтгэцийн эмгэггүй байх.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.5, 26.6-д зааснаар дараах нөхцөлтэй хүн нэр дэвших боломжгүй.
- Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн;
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн.
-Н.АЛТАНХУЯГИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ НЭР ДЭВШИХЭД НЬ СААД БОЛЖ МАГАДГҮЙ БОЛ Л.ГАНТӨМӨР ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДАХГҮЙ-
Өнөөдөр нэр дэвшихээ илт илэрхийлсэн хэдхэн хүн байна. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлсэн Н.Алтанхуягийн хувьд Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг нь анхаарал татаж байна. Тодруулбал, Н.Алтанхуягт холбогдох хэргийг анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.03.10-нд уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан. Улмаар Улсын дээд шүүх 2026.10.23-нд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан юм. Ингэснээр түүний хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэхээр болсон. Энэ нь Н.Алтанхуягийн нэр дэвших асуудалд улс төрийн томоохон сорилт болох нь гарцаагүй. Гэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй нөхцөлд түүнийг хуулиар нэр дэвших эрхгүй гэж шууд дүгнэх боломжгүй.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД О.ЦОГТГЭРЭЛ, Б.ПҮРЭВДОРЖ НАРЫН НЭГ НЬ НЭР ДЭВШИЖ МАГАДГҮЙ-
Харин тус намаас нэр дэвшихээ илэрхийлсэн Л.Гантөмөр нам дотроосоо дэмжлэг авч чадахгүй. Улаан цайм илэрхийлж, албан ёсоор хэлээгүй ч хэдийн ирэх сонгуульд бэлдээд эхэлсэн гэгдэх Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар үлдээд байна. Тэдний хэн нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн санал авч, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодрох вэ гэдэг нь сонирхол татаж байна. Ардчилсан нам дотроо маш олон фракцтай бөгөөд энэ фракц хоорондын тохироо зэргээс л шалтгаална.
-МАН-ЫН ХОЁР ТАЛЫН ДЭМЖЛЭГИЙГ АВЧ ЧАДАХ ХҮН НЬ С.БЯМБАЦОГТ БОЛ Б.ЖАВХЛАН У.ХҮРЭЛСҮХЭЭС ДЭМЖЛЭГ ХҮССЭН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Харин нөгөө талд эрх баригч МАН-аас С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх эрхээ авна. Түүнийг энэ албан тушаалаа цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших боломж болгон ашиглаж магадгүй гэсэн хувилбар ч бий. Өнгөрсөн хугацаанд ч түүний үг, үйлдэл зэргийг улс төр гадарлах хүмүүс анзаарч байсан биз. Өнөөгийн нөхцөлд МАН-ын хоёр талын эрх ашгийг хангаж, аль ч талын дэмжлэгийг авч чадах хүн нь С.Бямбацогт байж болохоор байна.
Мөн У.Хүрэлсүхийн ойрын хамаарал бүхий С.Жавхлангийн нэр ч бий. Тэрбээр хэвлэлд ил цагаан нэр дэвших бодолгүй хэмээн ярьдаг. Гэхдээ өнгөрсөн зун буюу 2026 оны наймдугаар сарын 2-нд болсон Хөвсгөл нуурын лусын тахилгын үеэр Ерөнхийлөгчөөс дэмжлэг үзүүлэхийг хүссэн тухай ч яриа улс төрийн хүрээнд гарсан байдаг.
-Ж.ЭНХБАЯР ЯАМ ГОЛЖ БАЙХАД Г.ЗАНДАНШАТАР Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГЭЭР ОНОО АВАВ-
Цаашилбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нэр байна. Тэрбээр 2025.06.13-наас 2026.03.27 хүртэл Ерөнхий сайдаар ажилласан юм. Тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгч буухдаа төрийн ажил гацах учиргүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үүнээс хойш тэрбээр шатар тоглож, морь унаж, боловсролтой хүн гэдгээ олон нийтэд харуулах гэж хичээж буй. Харин сүүлд манай улсын Засгийн газрыг төлөөлөн Малайзад хэвлэлийн хурал хийж, Ш.Алтантуяагийн хэргийг анхаарч, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн. Мөн олон улсын цахим гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь олон нийтээс багагүй үнэлгээ авсан. Гэхдээ энэ асуудлыг улс төрийн арга хэрэгсэл болголоо хэмээн үзэх хэсэг ч байна.
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаярын нэр дурдагдаад удаж байна. Мөн л би нэр дэвшихгүй хэмээн хэлдэг. Тэргүүн шадар сайдаас ХЗДХ-ийн сайдаар томилох хувилбар яригдахад тэрбээр яам голсон нэгэн. Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ажлаас чөлөөлөгдсөнөөр Ж.Энхбаярыг ЗГХЭГ-ын дарга болгож магадгүй гэх хувилбар яригдаж байгаа юм.
МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчээ шийдвэрлэнэ. Гэхдээ энэ намд өнгөрсөн хугацаанд нэг л нэр оруулаад 100 хувийн саналаар шийдчихдэг нам. Урьдчилж хайрцаглаад, гаргасан шийдвэрээ албажуулдаг л гэсэн үг. Товчхондоо, дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг асуултын хариу хараахан тодорхой болоогүй байна. Харин МАН, АН-ын дотоод өрсөлдөөн, фракц хоорондын тохироо аль хэдийн эхэлжээ. Ойрын өдрүүдэд улс төр улам л халж, дараагийн төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөн ил гарах бололтой.