АПЕК-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин, Владимир Путин нар хоёр цаг гаруй хэлэлцээ хийжээ

АПЕК-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин, Владимир Путин нар хоёр цаг гаруй хэлэлцээ хийжээ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ийн 33 дахь удаагийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр /2026.11.18/ БНХАУ-ын Шэньжэнь хотод уулзлаа.

Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн бөгөөд хязгаарлагдмал болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийсэн байна. Уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад, Оросын харилцааг дэлхийн өөрчлөлт, сорилтын үед ч тогтвортой хэвээр байгаа уултай зүйрлэжээ. Тэрбээр хоёр улсын харилцааг урт хугацааны стратегийн өнцгөөс харж, дэлхий дахинд тогтвортой байдал, итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна. Харин Владимир Путин Орос, Хятадын гадаад бодлогын уялдаа холбоо олон улсын тавцанд тогтвортой, эерэг үр дүнтэй байгааг тэмдэглэжээ. Мөн хоёр улс илүү шударга, олон туйлт дэлхийн дэг журмыг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгааг дурдсан байна.

Хэлэлцээний өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэсгээр эрчим хүч, санхүү, өндөр технологи, хиймэл оюун ухааны салбарын хамтын ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ. Харин хязгаарлагдмал бүрэлдэхүүнтэй уулзалтаар Украин, Солонгосын хойгийн нөхцөл байдал зэрэг гадаад бодлогын асуудлыг хөндсөн байна.

Энэ нь Ши Жиньпин, Владимир Путин нарын энэ онд хийж буй тав дахь уулзалт аж. Түүнчлэн АПЕК-ийн уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нарын гурван талт уулзалтыг маргааш /2026.11.19/ зохион байгуулахаар төлөвлөжээ. Путин уг уулзалтаас "ихээхэн үр өгөөж хүлээж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Euronews