МУИС-ийн Зүүн бүсийн сургууль УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад 88 дугаартай диплом олгоогүй хэмээн шүүхэд мэдэгджээ

МУИС-ийн Зүүн бүсийн сургууль УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад 88 дугаартай диплом олгоогүй хэмээн шүүхэд мэдэгджээ

МУИС-ийн Зүүн бүсийн сургууль УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай холбоотой боловсролын баримт бичгийн асуудлаар шүүхэд ирүүлсэн албан бичигтээ 1994, 1995 онд 88 дугаартай дипломыг түүнд олгоогүй гэж мэдэгджээ.

УИХ-ын цахим хуудсанд нийтлэгдсэн Ц.Мөнхтуяагийн албан ёсны намтарт түүнийг 1991-1995 онд Дорнод их сургуульд суралцаж, бага боловсролын багш мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн гэж тэмдэглэсэн байдаг. Харин  МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 17/200 дугаартай албан бичигт Ц.Мөнхтуяа 1991 онд тухайн үеийн Дорнод аймаг дахь Багшийн коллежийн багшийн 3-1 ангид элссэн талаар дурдсан байна. Тэрбээр 1994 онд улсын шалгалтаа бүрэн өгч чадаагүй бөгөөд 1995 онд дахин шалгалт өгөхийг зөвшөөрсөн 10 оюутны жагсаалтад багтсан. Гэвч 1995 онд улсын шалгалтаа дахин өгч тэнцэн, бага ангийн багшийн диплом авахаар тогтоосон гурван оюутны жагсаалтад Ц.Мөнхтуяагийн нэр байгаагүй гэж сургууль хариулсан байна. Мөн дипломын дугаарыг нягтлахдаа 1994, 1995 оны улсын шалгалтын комиссын тогтоолын архивын хавсралтыг үндэслэжээ.

Эргэн сануулахад, Ц.Мөнхтуяа өөрийн дипломтой холбоотой мэдээлэл нийтэлсэн сэтгүүлчтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар 2025 оны арванхоёрдугаар сард иргэний хэрэг үүссэн. Хариуцагч тал шүүхээр дамжуулан сургуулийн архивын лавлагааг гаргуулах хүсэлт гаргаснаар 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд товлогдсон шүүх хурлыг товлоод байсан юм. Харин Ц.Мөнхтуяа шинэ өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг хойшлуулаад байгаа аж.