Я.Содбаатар: Х.Нямбаатарын ярьж буй 110 сая ам.долларын асуудал бол гүжир гүтгэлэг

Я.Содбаатар: Х.Нямбаатарын ярьж буй 110 сая ам.долларын асуудал бол гүжир гүтгэлэг

МАН-ын ЕНБД Я.Содбаатар өнөөдөр /2026.11.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг хүндэтгэж байгаа. Монгол төрийн эв нэгдэл, төрийн нэр хүндийг хамгаалах, олон зүйлийг аврахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч томоохон улс төрийн шийдвэр гаргаж, энэхүү гүжир гүтгэлгийн үнэн мөнийг тогтоолгохын тулд төрийн тэргүүний өндөр сэнтийгээс бууж, бүгдээрээ шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнийг дэмжиж байна. Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн дагуу шийдвэрээ гаргаж байгаа гэж ойлгож байна. Х.Нямбаатарын ярьж буй 110 сая ам.долларын асуудал бол гүжир гүтгэлэг. Ямар ч мөнгө байхгүй учраас зөөсөн хүн ч байхгүй. Өмнө нь хууль хяналтын байгууллагууд шалгаж байсан. Одоо дахин шалгаж, үр дүнг нь ард түмэнд мэдээлэх ёстой.

Ард түмэн санаж байгаа бол миний хувьд 2019 оны нэгдүгээр сарын 20-ны үеэр Зам, тээврийн сайдын албан тушаалаа өгч, ЖДҮ-ийн хэрэгт шалгуулж байсан. Тэр үед би нам, төрийн ажлаас холдож байсан. Тиймээс байхгүй мөнгийг зөөсөн байх боломжгүй. Энэ бол гүжир гүтгэлэг. Уг асуудлын үнэн мөнийг эцэслэн тогтоох ёстой. Тийм учраас намын даргатай ярилцсан. 2019, 2020 оны МАН-ын санхүүд хөндлөнгийн аудит оруулах ёстой гэж бодож байна. Аудит хийлгэж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Үнэн мөнийг тогтоож эхэлбэл “Зүүдээ ярихаар хулгайгаа ярьдаг” гэдэг шиг цаад хүмүүсийн гар оролцоо ч ил болох байх гэдэгт итгэлтэй байна. Гашуунсухайтын гэрээтэй холбоотойгоор тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн зам мөр ч гарах байх гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгчийн шударга ёсыг тогтоохын төлөө гаргаж байгаа шийдвэрийг зөв гэж үзэж байна. Х.Нямбаатар ирэх ёстой. Ерөнхийлөгч огцорвол, ирж шалгуулна гэсэн. Шалгуулах хэрэгтэй” гэв.