Өчигдөр /2026.11.16/  Хар тэнгист, Болгарын Калиакра хошуунаас зүүн өмнө зүгт 40 далайн миль (ойролцоогоор 74 км) зайд Сомали улсын далбаатай “Betul 8” ачааны хөлөг онгоц далайн хоёр дроны халдлагад өртсөний улмаас хөмөрч живжээ.

Тодруулбал, 1988 онд үйлдвэрлэгдсэн, 3,223 тоннын даацтай тус хөлөг нь Маршаллын арлуудад бүртгэлтэй компанид харьяалагддаг бөгөөд Румыны Тулча боомтоос Египет улс руу гурван мянган тонн улаан буудай тээвэрлэн явжээ. Орон нутгийн цагаар 09:15 цагийн орчимд ослын “Mayday” дуудлага хүлээн авсны дагуу Хар тэнгисийн минаас цэвэрлэх хамтарсан бүлгийн Болгар, Румын, Туркийн тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг онгоц, Болгарын агаарын цэргийн “Cougar” загварын хоёр нисдэг тэрэг болон “Су-25” тагнуулын онгоцыг яаралтай хөөргөсөн байна. Нисдэг тэрэгнүүд ослын газарт түрүүлж хүрэн аврах завинд шилжин суусан Туркийн найм, Азербайжаны дөрвөн иргэн буюу багийн 12 гишүүнийг бүгдийг нь агаарт татан авч, Варна хот руу эсэн мэнд хүргэжээ. Далайчид хүйтэн усанд жиндсэн болон нэг хүний толгой хөнгөн шалбарсныг эс тооцвол биеийн байдал нь тогтвортой байгаа ба одоо ослын бүсэд түлш асгарсан эсэхийг шалгахаар тэнгисийн цэргийн тусгай хөлөг ажиллаж байна.

Долдугаар сарын дунд үеэс хойш Болгар, Румыны эрэг орчимд халдлагад өртсөн 17 дахь арилжааны хөлөг нь “Betul 8” болсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л Сулина сувгийн ойролцоо гурван хөлөг онгоц дроны цохилтод өртсөн юм. Орос, Украины дайны улмаас НАТО-гийн гишүүн Болгар, Румыны эрэг дагуух усан зам дэлхийн үр тарианы экспортын гол гарц болоод байгаа тул энэхүү халдлагыг Румыны Гадаад хэргийн сайд Дан Некулаэску “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн буруушааж, Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига усан замын тээвэр тасалдвал дэлхийн хүнсний үнэ 25 хүртэл хувиар өсөх эрсдэлтэйг анхаарууллаа. Харин Болгарын эрх баригчид халдлагын цаана хэн байгааг тогтоох нотлох баримт хараахан бүрдээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдсэн бол Европын Холбооноос бүс нутгийн далайн аюулгүй байдлыг хангах Хар тэнгисийн төв байгуулахад 50 сая еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байна.