Баруун бүсийн эрчим хүчний тулгуур болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөлөөллийн бүс буюу Ховд голын сав газраас эртний хүмүүсийн оршуулгын зан үйл, ахуй соёлыг илтгэх чулуун хашлагатай булш илэрч, авран хамгаалах малтлага, судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна.
Төслийн нөлөөллийн 28 мянга орчим га талбайд хийсэн хайгуулаар нийт 608 археологийн дурсгал бүртгэгдсэнээс 585 дурсгалд авран хамгаалах малтлага хийж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах шаардлагатай болсон байна. Үүний дотор хавтгай, том чулуунуудыг нямбайлан өрж, хүний биеийг багтаах хэмжээний тэгш өнцөгт хэлбэрийн чулуун авс үүсгэн оршуулсан чулуун хайрцагтай булш зэрэг Монгол Алтайн бүс нутгийн эртний нүүдэлчдийн түүх, соёлын үнэт өвүүд багтаж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ажлын хэсгийн зохион байгуулалт дор дотоодын судалгааны зургаан байгууллага хамтран ажиллаж, одоогоор эхний ээлжийн 200 гаруй дурсгалд малтлага хийж дуусгаад байгаа бөгөөд судалгааны ажил 2027 оныг дуустал үргэлжилнэ.
Археологийн судалгааны багийн ахлагч, судлаач Ч.Мөнхбаярын мэдээлснээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг түшиглэн тухайн бүс нутгаас илэрсэн ховор олдворуудад тулгуурласан Монголын анхны төрөлжсөн музейг байгуулах санаачилгыг дэвшүүлж, холбогдох байгууллагуудтай хэлэлцэж эхэлжээ. Ингэснээр усан сангийн талбайгаас авран хамгаалсан соёлын биет өвийг газар дээр нь хадгалж хамгаалах, дотоод гадаадын жуулчдад сурталчлан таниулах боломж бүрдэх юм.


