"АНУ-ын тагнуулын шинэ мэдээллээр Иран улс Вашингтон хотод цацраг идэвхт бодис агуулсан тэсрэх төхөөрөмж буюу “бохир бөмбөг”, эсвэл химийн зэвсэг ашиглан халдлага үйлдэх хувилбарыг боловсруулж байж болзошгүй гэж эх сурвалжууддаа мэдээлсэн" гэх нийтлэлийг CNN агентлаг өнөөдөр /2026.11.17/ тэргүүн нүүрэндээ мэдээлжээ.
Эх сурвалжуудын тайлбарласнаар, энэ нь халдлага үйлдэх эцсийн шийдвэр гаргасан, эсвэл шууд хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан гэсэн үг биш аж. Харин Иран улс болзошгүй хувилбаруудыг судалж, цаашид ашиглах боломжоо хадгалахыг зорьж байж болзошгүй байна.
Гэсэн хэдий ч тагнуулын мэдээлэлд халдлага үйлдэж болзошгүй байршил, байг тодорхой дурдсан тул АНУ-ын холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх бэлтгэлээ эрчимжүүлжээ.
Нэг эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын тагнуулынхан Ирантай холбоотой этгээдүүд АНУ-ын нутаг дэвсгэрт бөмбөг хийхэд шаардлагатай материалуудыг нууцаар байршуулсан байж болзошгүй тухай мэдээлэл илрүүлсэн байна. Гэхдээ уг мэдээллийн үнэн бодит байдал болон Иран улс ийм халдлага үйлдэх бодит чадавхтай эсэх талаар АНУ-ын албаныхан санал зөрөлдөөнтэй байгаа аж. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лорен Бис АНУ болзошгүй бүх аюул заналыг хянаж байгаа ч одоогоор эх оронд нь заналхийлсэн бодит аюул байхгүй гэж мэдэгджээ.
“Бохир бөмбөг” гэдэг нь цөмийн бөмбөгөөс ялгаатай бөгөөд цацраг идэвхт материалыг ердийн тэсрэх бодистой хослуулан дэлбэлж, цацраг идэвхт бодисыг орчинд тараах зориулалттай төхөөрөмж аж. Үүнийг хийхэд цөмийн хуваагдлын урвал шаардлагагүй аж.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, ийм халдлагын үед хүний амь нас, эд хөрөнгөд учрах шууд хохирлын ихэнх нь цацрагийн нөлөөнөөс бус дэлбэрэлтээс үүдэх магадлалтай. Харин цацраг идэвхт бохирдол нь тухайн орчныг аюултай болгож, иргэдийн дунд айдас, үймээн үүсгэх эрсдэлтэй ажээ. Эх сурвалжуудын онцолсноор, Иран улс ийм халдлага үйлдэхээр эцэслэн шийдсэн гэх нотолгоо одоогоор байхгүй ч АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэх хувилбаруудыг идэвхтэй судалж байж болзошгүй нь Вашингтоны аюулгүй байдлын байгууллагуудын анхаарлыг татаж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN