Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлээ.
Тодруулбал, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
Мөн нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорнодын зарим, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.