ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Шатахууны хомсдол дундах ОХУ-ын элчин сайдын "худал" мэдэгдлийн цаана юу нуугдаж байв

ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: Шатахууны хомсдол дундах ОХУ-ын элчин сайдын "худал" мэдэгдлийн цаана юу нуугдаж байв

Манай улс шатахууны хомсдолд орж, жолооч нар бензин хайж, шатахуун түгээх станцуудын үүдэнд дугаарлан зогсох нөхцөл байдалтай нүүр тулаад даруй дөрвөн сар өнгөрч байна. Энэ хугацаанд хомсдолын шалтгааны талаар олон тайлбар, мэдээлэл, таамаглал хөвөрсөн. 

Орос-Украины дайн. Орос улсын шатахууны үйлдвэрлэл, экспортод доголдол үүсэж, улмаар Монголд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ буурсан, тээвэрлэлт саатаж, дотоодын аж ахуйн нэгжүүд зориуд шатахуунаа нөөцөлж байна гэх тайлбарууд бий. Харин хамгийн сүүлд Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд шатахууны нийлүүлэлтийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг дахин татаж, хомсдолын шалтгаан, хариуцлагын талаар маргаан өрнүүлээд буй. Тэгвэл бодит байдал ямар байна, шатахуун ОХУ-аас Монголд ирэх замдаа саатаж байна уу, тээвэрлэлтийн асуудал үүсэв үү, эсвэл Монголын захиалсан хэмжээнд шатахуун нийлүүлэгдэхгүй байна уу гээд шатахууны хомсдолын шалтгааныг бид албан мэдэгдэл, таамаглалаар бус, хомсдолын цаана чухам юу болж байгаа талаарх бодит нөхцөл байдлыг эрэлхийллээ.

ВИДЕО: 

Шатахууны хомсдол үүссэн цагаас хойш нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Гэвч тээврийн салбарын төлөөллүүдийн мэдээллээр ОХУ-аас шатахуун ачсан вагон Монголын хилээр нэвтрэхэд ямар нэгэн саад, хүндрэл үүсээгүй байна. Тээврийн зохион байгуулалт хэвийн, шатахуунтай вагонууд хилээр чөлөөтэй нэвтэрч байгаа аж. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлт, хил нэвтрүүлэлт нь хомсдолын гол шалтгаан биш байна.

Манай улсын ердийн үеийн автобензиний сарын хэрэглээ 70 мянган тонн байдаг бол зуны улирлын хэрэглээ 100 мянган тонн орчим байдаг аж. Харин шатахууны хомсдол үүссэн дөрвөн сарын хугацаанд ОХУ-аас 47–67 мянган тонн шатахуун нийлүүлэгдсэн.

Харин энэ сард 70 мянган тонныг нийлүүлэхээр баталгаажуулаад байгаа гэдгийг албаныхан тодотгож буй. Нэг үгээр хэлбэл, шатахууны нийлүүлэлт зогсоогүй ч хэмжээ нь буурсан гэсэн үг. Тодотговол, манай улс долдугаар сард 100 мянган тонныг захиалсан ч 47 мянган тонн, наймдугаар сард мөн л 100 мянган тонноос 67 мянган тонн баталгаажиж, нийлүүлэгдсэн байна. Харин есдүгээр сард 90 мянган тонны захиалгаас 64 мянга, 10 сард 57 мянган тонн орж ирсэн бол энэ сарын захиалгаас 71 мянган тонн баталгаажуулжээ. 

Гэтэл Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Алексей Николаевич Евсиков манай улсад үүсээд байгаа шатахууны хомсдолыг “ОХУ-ын нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа. Харин монголчууд шатахуунаа нөөцлөөд, уг асуудлыг улс төржүүлээд байгаа учраас” гэх байдлаар байр сууриа илэрхийлж, “Роснефть”-ийг Монголд оруулж ирэх боломжтой гэдгийг мэдэгдсэн нь монголчуудыг талцуулсан гэхэд нэг их хилсдэхгүй. Учир нь түүнийг мэдээлэл өгсний дараа нийгэмд зохион байгуулалттай гэж хэлж болохуйц хүмүүс ч гарч ирсэн. 

Харин энэ бүхэнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Яагаад төр засаг ард түмний хооронд хагарал бутрал үүсгэж улс орныг тогтворгүй байдал руу түлхээд байна. Хэн үүний зохион байгуулж хийгээд байна гэдгийг тусгай албад олж тогтоо” гэсэн үүргийг өгснийг энд тодотгож байна.