Х.Тэмүүжин: Шүүх хэрэг маргааныг буцаах замаар шүүх биш, яллагчийн үүрэг гүйцэтгэж байна

Х.Тэмүүжин: Шүүх хэрэг маргааныг буцаах замаар шүүх биш, яллагчийн үүрэг гүйцэтгэж байна

Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн цагаа хүргэлээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин "Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаад байгаатай холбоотойгоор Ардчилсан намын гаргасан мэдэгдлийг танилцууллаа. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуулийн 14-р зүйлд Шударгаар шүүлгэх гэсэн үндсэн заалт байгаа. Шударгаар шүүлгэх гэдэг нь нэгдүгээрт, шударгаар шүүлгэх, хоёрдугаарт, өөрийн холбогдсон хэрэг маргааныг нэн даруй шүүхэд сонсгож асуудлаа шийдвэрлүүлэх гэдэг агуулгатай. Гэтэл Үндсэн хуулийн энэ агуулга бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Шүүхээс хэрэг маргааныг буцаадаг асуудал нь шүүх өөрөө шүүх байхаа болиод яллагч болж хувирсан байгаа асуудал. Монгол Улсад эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс хэрэг буцаах тухай ямар ч зүйл, заалт байхгүй. Монгол Улсад тийм хууль байхгүй. Гэтэл УДШ хүртэл хэрэг буцаадаг болсон.

“Би энэ маргааныг ялламаар байна. Та нар асуудлаа дутуу хийсэн учраас би буцааж байна. Та нар дахиад наадхаа жаахан нухаад өг. Дахиад бүр илүү асуудал болгоод аваад ир. Тэгээд би алхаа тогшоод өгье” гэдэг ийм үгийг хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэ бол төвийг сахиж, нотлох баримтад тулгуурлаж, мэтгэлцээнд үндэслэж үйл баримтыг нотолдог биш, өөрөө урьдчилаад итгэл үнэмшилтэй болоод, түүнийгээ нотлохын тулд “Та нар энийг гүйцээгээд ирээч” гэж тулгадаг тийм шүүхийн тухай ярьж байгаа юм.

Энийг шүүх гэж хэлдэггүй. Энийг яллагч гэдэг. Энэ бол прокурорын чиг үүрэг. Монгол Улсад шүүгч биш прокурорууд шүүхийн байгууллага дотор суудаг болчихжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд маш тодорхой бичсэн байгаа. “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж. Гэтэл захирагдах ёстой хуулиа өөрсдөө тогтоодог болсон юм шиг байна лээ. Хууль байхгүй байсаар байтал “Бид ингэж ажилламаар байна” гэж өөрсдөө өөрсдийнхөө яаж ажиллахыг тодорхойлдог болж эхэлсэн байна.

Монгол Улсад өнөөдөр шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. 2016 онд анх ийм хууль батлагдсан, 2017 онд шүүхээс хэрэг буцаадаг болгосон, 2022 онд буцаагаад шүүхээс хэрэг буцаахыг хориглосон, хуулиас энэ зохицуулалтыг алга болгосон. Гэтэл огт байхгүй хуулийг тэд нар зохиож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. “Гагцхүү хуульд захирагдана” гэдэг энэ зарчим өөрөө ажиллахгүй байгаа. Энэ өөрөө Үндсэн хуулийн зарчим. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1.6-д “Хууль ёсны байх” гэдэг ийм зарчим байгаа. Хууль ёсны байх гэдэг зарчим дээр юу бичсэн байна вэ гэхээр хуулийн заалтыг чанд сахина гэж бүр хатуу зааж өгсөн байгаа.

Энэ хуулийн заалтыг чанд сахихыг биелүүлээгүй бол тэр шийдвэрийг нь хүчингүй болгоод, хариуцлага хүлээлгэнэ гэж хоёрдугаар зүйлд нь заасан байгаа. Гэтэл өнөөдөр хууль байхгүй байтал байхгүй хуулийг үндэслээд шийдвэр гаргачихсан. Тэр шийдвэрүүд хүчингүй болоогүй байна. 1,700 хэрэг дээр тэгээд тэр шийдвэрүүдийг гаргасан нэг ч шүүгч хариуцлага хүлээгээгүй байна. Дээд шүүхээсээ эхлээд бүх шатны шүүх дээр ийм асуудал байна. Гэтэл хууль дээр нь цагаан дээр хараар маш тодорхой биччихсэн байна. Хууль зөрчиж гаргасан шийдвэр, хуульгүйгээр гаргасан шийдвэр байх юм бол хүчингүй болгоно. Ийм шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гээд маш тодорхой биччихсэн байна. Дээр нь доор дурдсан заалтыг та бүхэн хараарай. Хуульд заасан журмаас гадуур хэм хэмжээ тогтоосон журам гаргавал түүнийг хориглоно гээд биччихсэн" хэмээн ярилаа.