Сербийн удирдагч А.Вучич сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, улс даяар баяр тэмдэглэж байна

Сербийн удирдагч А.Вучич сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, улс даяар баяр тэмдэглэж байна

Сербийн олон жил эрх барьсан ерөнхийлөгч Александр Вучич парламентын ээлжит бус сонгуульд оюутнуудын тэргүүлсэн сөрөг хүчний хөдөлгөөнд ялагдсанаа хүлээн зөвшөөрсний дараа тус улсын хэд хэдэн хотод олон мянган иргэд баяр тэмдэглэж байна.

А.Вучич ням гараг /2026.10.25/-ийн орой сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгааг онцлоод, “Бид энэ сонгуульд ялагдсан нь тодорхой байна” хэмээн мэдэгдсэн байна. Сонгуулийн урьдчилсан мэдээллээр сонгогчдын ирц өндөр байжээ. Белград, Нови Сад зэрэг хотод иргэд гудамжинд гарч, баярлан бүжиглэж, салют буудуулсан байна.

Оюутнуудын хөдөлгөөнийг дэмжигчид сонгуулийн үр дүнг авлигын эсрэг тэмцэлд гарсан томоохон ахиц хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сербид хоёр жилийн өмнө Нови Сад хотын галт тэрэгний буудлын дээвэр нурж, 16 хүн амиа алдсан эмгэнэлт хэргийн дараа авлига, төрийн хариуцлагагүй байдлыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн юм. Оюутнуудын тэргүүлсэн уг хөдөлгөөн улс даяар өргөжиж, эрх баригчдаас хариуцлага нэхэх гол хүчний нэг болжээ.

“Оюутны жагсаалт” нэртэй хөдөлгөөн төрийн байгууллагууд дахь авлигыг таслан зогсоох, эсэргүүцлийн үеэр зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, төрийн хэвлэл мэдээллийг улс төрийн нөлөөллөөс чөлөөлөх зэрэг зорилт дэвшүүлсэн байна. Тус хөдөлгөөн парламентын 250 суудлын төлөө нийгмийн олон салбарын төлөөллийг нэр дэвшүүлжээ.

Харин А.Вучич болон түүний тэргүүлдэг Сербийн Дэвшилтэт нам авлигын талаарх буруутгалыг удаа дараа няцааж ирсэн юм. А.Вучич өмнө нь тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах амлалт өгч байжээ. Сербийн Сонгуулийн хорооны мэдээллээр санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө сонгогчдын ирц 64.9 хувьд хүрчээ. Сонгуулийн албан ёсны эцсийн дүн болон парламент дахь суудлын хуваарилалт нь тус улсын цаашдын улс төрийн нөхцөл байдалд чухал нөлөө үзүүлэхээр байгаа аж. 

Эх сурвалж: BBC