Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг танилцууллаа. Энэ үеэр авлигын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
"Засгийн газар авлига, албан тушаалаа ашиглан бий болгосон хөрөнгийг хурааж нийгмийн сайн сайхны санд зориулах анхдагч хуулийн төслийг, үзэл баримтлалтай нь танилцууллаа. Өөрөөр хэлбэл албан тушаалаа урвуулан ашигласан этгээдийн хөрөнгийг хуулийн дагуу хураана. Хураасан мөнгийг төсвийн мөнгө зэрэг бусад сангуудтай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөө зориулна. Энэ хуулийн төслийн дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар ажиллаж байна. Тус хууль нь хөрөнгийг зөвхөн хураах тухай биш хураасны дараа хэрхэх вэ гэдэг агуулгатай. Хөрөнгийг хураасны дараа прокурор, мөрдөн шалгах байгууллагаас авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах тухай юм. Жишээлбэл тодорхой нэгэн төрийн албан тушаалтан өөрийн албан ёсны орлогоосоо илүү хөрөнгө, эд хөрөнгөтэй байх юм бол шалгана. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиудад, хууль бус хөрөнгийг хураах, илрүүлэх заалтууд байдаг ч авлигын хэргээр ял эдлэхэд хөрөнгө нь үлддэг. Иймээс прокурор, АТГ-аас гэмт буруутай нь тогтоогдсон ч авлигын хөрөнгө нь байсаар байгааг тогтоож, улсын орлого болгох тухай асуудал” гэлээ.