Э.Батшугар: Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

Э.Батшугар: Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинээр батлагдсан журмын хүрээнд хэд хэдэн ангиллын эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс шууд худалдан авах боломж бүрдэж байна. Үүнд түгээмэл хэрэглэгддэг эм, антибиотик, өндөр өртөгтэй эм, нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй эм, мөн нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслүүд хамрагдана. Нэг эх үүсвэрийн худалдан авалт гэдэг нь олон улсын чанар, аюулгүй байдлын өндөр шаардлага хангасан үйлдвэрлэгчдээс эмийг шууд худалдан авах тогтолцоо юм. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хатуу зохицуулалтын шалгуурт нийцсэн улс орнуудын үйлдвэрлэгчид болон ЮНИСЕФ зэрэг олон улсын байгууллагын ханган нийлүүлэлтийн тогтолцоогоор дамжуулан шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд бөөнөөр худалдан авахыг хэлж байгаа юм. Ингэснээр дамжлагын тоо цөөрч, худалдан авалтын зардал буурах тул эмийн үнэ эцсийн хэрэглэгчид хүрэхдээ харьцангуй хямдрах боломжтой. Мөн олон улсын чанарын шаардлага хангасан, баталгаатай эмийг тогтвортой нийлүүлэх нөхцөл бүрдэж, эмийн хомсдол, тасалдлын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой”гэлээ.