Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн нутаг, “Лагийн хоолой” гэх газарт наймдугаар сарын 4-ний өдрийн 15:15 цагт аянга буусны улмаас хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-ийн зайд байрладаг байна. Түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллажээ. Улмаар наймдугаар сарын 5-ны өдрийн 07:00 цагийн байдлаар түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.