Н.Учрал: Салбарын яамд болон төрийн бүх шатны байгууллагууд бүсийн чуулган зохион байгуулахгүй

Н.Учрал: Салбарын яамд болон төрийн бүх шатны байгууллагууд бүсийн чуулган зохион байгуулахгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитик, олон улсын тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагууд бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжих Засгийн газрын тогтоол батласныг мэдэгдлээ. 

Тэрбээр, "Энэ тогтоолоор зарим санхүүжилтийг түр зогсоож байна. Хууль тогтоомжоор үүрэг болгосон, Засгийн газрын албан ёсны шийдвэртэй, олон улсын гэрээгээр үүрэг хүлээсэн арга хэмжээнээс бусад форум, уулзалт, зөвлөгөөн, баяр наадам, тэмдэглэлт ой болон олон нийтийн арга хэмжээний санхүүжилтийг зогсооно" гэв. Мөн урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны гадаад томилолт, олон улсын гэрээ, конвенцтой холбоотой ажлаас бусад гадаад томилолтыг цуцлахаар болсон байна.

Ерөнхий сайд "Цаашдаа иргэддээ нэмэлт ачаа үүрүүлж болохгүй. Үнийн өсөлттэй холбоотойгоор салбарын сайд нар үүсэж болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх ёстой" хэмээн онцоллоо. Түүнчлэн салбарын яамд болон төрийн бүх шатны байгууллагууд бүсийн чуулган зохион байгуулахгүй бөгөөд төрийн албан хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах чиглэл өгч, байгууллага бүр цахимаар ажиллах хуваариа гаргахыг үүрэг болгосон байна.