ШУУРХАЙ: Учраа бөхөө цохисон Р.Амгаланбаатарыг "хүний биед санаатай хохирол учруулсан" гэж буруутган шалгаж дуусаад, хэргийг прокурорт шилжүүлжээ

ШУУРХАЙ: Учраа бөхөө цохисон Р.Амгаланбаатарыг "хүний биед санаатай хохирол учруулсан" гэж буруутган шалгаж дуусаад, хэргийг прокурорт шилжүүлжээ

Улсын баяр наадмын өмнө зарим аймаг, сумын баяр наадам болж өндөрлөсөн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадам долдугаар сарын 9-нд болж, тус наадамд барилдаж байсан сумын харцага Р.Амгаланбаатар учраа бөх болох сумын заан Б.Лхагва-Очирын толгойн тус газарт хүчтэй цохиж, тэрбээр газарт унаж буй дүрс бичлэг цахим орчинд тархсан. 

ВИДЕО: 

Иймд сумын харцага Р.Амгаланбаатарын уг үйлдэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлсэн. Улмаар хуулийн байгууллагын шалгалтын явцад Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байдаг.

Тэгвэл сумын харцага Р.Амгаланбаатарт холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Тодруулбал,  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд хэргийг өнгөрөгч Баасан гараг /2026.07.31/-т Говь-Алтай аймгийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг зохицуулдаг. Тус хуулийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар заасан байдаг.  Харин 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Сануулахад,   Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс сумын харцага Р.Амгаланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн талаар 2026 оны долдугаар сарын 18-нд мэдэгдсэн. Гэвч тус холбооноос түүний барилдах эрхийг хэдий хугацаагаар түдгэлзүүлсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө