Дэлхийн хамгийн сүүлийн үеийн урлагийн чиглэлүүдийн нэг болох 360° visual art буюу таван мэдрэхүйн урлагийг хөгжмийн тоглолттой хослуулсан KHARKHORUM 360° Visual Art & Music Festival -ыг энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Дөрөв дэх жилдээ болох фестиваль энэ удаа илүү том талбай, өргөн хүрээтэй хөтөлбөрөөр үзэгчдийн хүртээл болох бөгөөд "TIME" сэдвийн дор Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх Монголын түүхэн таван том үйл явдлыг дижитал урлагийн шийдлээр дүрслэн хүргэхээр төлөвлөжээ.
Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой аж. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослох юм.
Фестивалийн тайзнаа Ирландын алдарт Boyzone хамтлагийн ахлагч, дуучин Ронан Китинг, Берлинд уран бүтээлээ туурвидаг Melodic Techno болон Progressive House урсгалын DJ, продюсер 8Kays болон Монголын нэрт хамтлаг, дуучид оролцохоор болжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, фестиваль нь эртний Хархорум хотын олон соёл, олон үндэстэн уулзан, үзэл санаа, урлаг соёлын солилцоо өрнөдөг байсан түүхэн уламжлалыг орчин үед сэргээн хөгжүүлэх зорилготой аж. Мөн үзэгчдийн худалдан авсан тасалбарын орлогоос 10 мянган мод тарих бөгөөд энэхүү ажлыг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж, цаашид KHARKHORUM төгөл байгуулахаар төлөвлөсөн байна.
Фестивалийн тасалбарыг Boxoffice.mn, EventX.mn, Ticket.mn, Shoppy.mn платформоор худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг фестивалийн албан ёсны Facebook хуудсаас авах боломжтой.
.jpg)