Jade Gas санхүүжилтийн гэрээ байгуулбал Тавантолгойн метан хийн төслийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлнэ

Jade Gas санхүүжилтийн гэрээ байгуулбал Тавантолгойн метан хийн төслийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings компани Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн санхүүжилтийн эцсийн гэрээг ирэх есдүгээр сард багтаан байгуулахаар зорьж байна. Хэрэв хэлцэл амжилттай эцэслэгдвэл үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж буйгаа тус компани мэдээллээ.

Тодруулбал, БНХАУ-ын PT Beijing Energy Linking (PTBEL), PetroChina, Hunan Geology & Mining Technology компаниудаас бүрдсэн консорциум өнгөрсөн сард Jade Gas-тай хамтын ажиллагааны хэлцэл байгуулж, төслийн эхний шатны хөгжүүлэлтэд шаардлагатай 762.5 сая ам.доллар буюу 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийг бүрэн хариуцах санал тавьсан байна. Талууд энэ улирлын төгсгөл гэхэд санхүүжилтийн эцсийн гэрээг байгуулахаар зорьж байгаа бөгөөд хэлцэл амжилттай хэрэгжвэл инженерчлэл, логистик болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 2026 онд багтаан эхлүүлэх боломжтой аж.

Төслийн өрөмдлөгийн эхний үе шатанд нийт 175 олборлолтын цооног өрөмдөхөөр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд 2027 оны хоёр, гуравдугаар улиралд төслийн талбайд 10 хүртэлх өрөмдлөгийн машин ажиллуулахаар тооцоолжээ. Мөн төслийн "Улаан нуур" талбайгаас эхний ээлжид 40 гаруй цооногийн олборлосон хийг боловсруулах шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр байгуулах боломжийг судалж байгаагаа компани мэдээлсэн байна.

Санал болгож буй санхүүжилтийн бүтцээр төслийн эзэмшил Jade Gas Holdings-д хэвээр хадгалагдах бол PTBEL-ийн консорциум метан хийн борлуулалтын орлогоос хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тусгажээ. Тодруулбал, төслийн хөгжүүлэлтийн зардлыг бүрэн нөхөх хүртэл консорциум татвар, роялти суутгасны дараах борлуулалтын орлогын 80 хувийг авах зохицуулалттай байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia