Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор автомашинд шатахуун олгох түр зохицуулалтыг өнөөдрөөс /2026.08.04/ хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор шатахуун түгээх бөгөөд нэг автомашинд нэг удаад 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгож, саванд шатахуун хийхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд, харин 1, 3, 5, 7, 9 буюу сондгой тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авах хуваарьтай. Уг түр зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
- ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ШАТАХУУН ОЛГОЖ ЭХЭЛСЭН Ч ШТС-УУДЫН ДАРААЛАЛ БУУРСАНГҮЙ -
Гэвч шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр шатахуун түгээх станцуудын нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдсөнгүй. Манай сурвалжлах баг Тасганы овоо орчмын хоёр шатахуун түгээх станцаар очиход автомашины урт дараалал хэвээр байсан төдийгүй жолооч нар 20 минутаас нэг цаг орчим хүлээн шатахуун авч байлаа.

Түүнчлэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар шатахуун олгож байгаа асуудалд жолооч нар эсрэг, тэсрэг байр суурьтай байсан юм. Зарим жолооч, "Өмнөх өдрүүдтэй харьцуулахад дараалал багассан зүйл огт анзаарагдахгүй байна", "Дугаарын хязгаарлалтаар шатахуун олгож байгаа нь буруу" хэмээж байлаа. Мөн Өвөрхангай аймгаас ирсэн жолооч замд явахад ШТС-ын олдоц муу байсан талаар дурдаад "Бүгд нэг дор дугаарлаж байснаас тэгш, сондгойгоор зохицуулж байгаа нь арай дээр санагдаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Дугаарын хязгаарлалт хийхэд өмнөх өдрүүдээс ачаалал буурч байгаа эсэхийг ШТС-ын түгээгчдээс мөн тодрууллаа. Тэдний хэлснээр “Өмнөх өдрүүдээс ачаалал буураагүй. Бензинийг 50 мянган төгрөгийн лимиттэй олгож байгаа. Гэхдээ том машинууд 50 мянган төгрөгөнд хийгээд хаа хүрэх билээ дээ. Том машинуудад 100 мянга, жижиг машинд 50 мянган төгрөгний бензин хийж байна. Бүгдээрээ дараалалд зогсож байгаа юм чинь хамаагүй л өгөх ёстой. Манайд тэгш сондгой хамаагүй, орж ирсэн машинуудад л өгч байгаа” гэлээ.

- ШСТ-ЫН ДАРААЛАЛД ЗОГСОЖ БАЙГАА МАШИНУУДЫН ДИЙЛЭНХ НЬ ТЭГШ ДУГААРТАЙ БАЙЛАА -
Түүнчлэн өнөөдрийн байдлаар ШТС-ын дараалалд зогсож байгаа машинуудын дийлэнх нь тэгш тоогоор төгссөн улсын дугаартай байсан нь өчигдөр танилцуулсан шийдвэрийн хэрэгжилт сайн байгааг харуулж байгаа юм. Гэсэн ч сондгой дугаартай автомашинууд мөн дараалалд зогсож байсан юм. Эдгээр автомашины жолооч нар "Ямар нэгэн мэдээлэл аваагүй. Өнөөдөр ямар тоогоор төгссөн машинууд бензин авах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Дугаарын хязгаарлалтаар шатахуун олгож байгаа нь буруу" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ дугаарын хязгаарлалтыг шатахуун олгох биш, зам дээр явах хязгаарлалт хэмээн ойлгосон жолооч ч байсан билээ.
