Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд байрлах газраас нүүлгэн, Монголын Ардчилсан Холбооны “Ардчиллын өргөө”-ний үүдэнд байршуулсан асуудалтай холбоотойгоор Хотын дарга Б.Пүрэвдагва өнгөрсөн бямба гарагт мэдээлэл хийсэн.
Тэрбээр С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний шөнө 03:00 цагийн орчимд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авалгүйгээр нүүлгэсэн гэж мэдээлсэн. Мөн НЗДТГ-аас ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй бөгөөд нийслэлийн өмчийг хамгаална гэдгээ мэдэгдэж, зөвшөөрөлгүй нүүлгэсэн хөшөөг буцаан байршуулахыг үүрэг болгосон юм.
ВИДЕО:
"М.АЛТАНГЭРЭЛИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ 20 ХУВЬ ХАСАВ"
Тэгвэл Хотын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд хариуцлага тооцсон талаараа өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 3-нд мэдээлэв. Тодруулбал, М.Алтангэрэлийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр үндсэн цалинг нь гурван сарын хугацаанд 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулжээ.
"М.АЛТАНГЭРЭЛИЙН ҮНДСЭН ЦАЛИНГААС САР БҮР 501.400 ТӨГРӨГ ХАСАГДАНА"
Энэ шийдвэртэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын үндсэн цалин хэд байдаг, 20 хувийн хасалт хийснээр хэдэн төгрөгийн цалин авах вэ гэсэн асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор улс төрийн албан тушаал эрхэлж буй албан тушаалтнуудын цалингийн хэмжээг баталсан байдаг. Уг тогтоолоор дүүргийн Засаг даргын албан тушаалын үндсэн цалинг 2.507.000 төгрөгөөр тогтоожээ. Мөн албан тушаалтанд улс төрийн албан тушаал эрхэлсэн хугацаа, ажилласан жил болон бусад холбогдох нэмэгдэл тооцогдохоос гадна дүүргийн Засаг даргад онцгой нөхцөлийн 30 хувийн нэмэгдэл олгодог байна. Өөрөөр хэлбэл, 2.507.000 × 20% = 501.400 төгрөг. Ингэснээр гурван сарын хугацаанд үндсэн цалингаас нь сар бүр 501.400 төгрөг хасагдаж, 2.005.600 төгрөг болох тооцоо гарч байна.
"ХӨШӨӨГ ХЭН НҮҮЛГЭСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ ҮЛДЭВ"
Нөгөө талд Хотын даргын гаргасан дээрх шийдвэр олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь Б.Пүрэвдагва өмнө нь С.Зориг агсны хөшөөг хэн нүүлгэсэн болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авна гэж мэдэгдсэн боловч эцэст нь хөшөөг нүүлгэсэн этгээдийг олон нийтэд зарлахаас илүүтэйгээр дүүргийн Засаг даргын цалинг хасах шийдвэр гаргасан нь шүүмжлэл дагуулж байна.
"М.АЛТАНГЭРЭЛ Х.БОЛОРМААГИЙН ТОМ ХҮҮГИЙН НАЙЗ"
Сонирхуулахад, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нь 1989 онд төрсөн.
Тэрбээр:
-
2012-2014 онд “Мөнхийн болор” ХХК-д менежер;
-
2014-2019 онд “Стандарт инженеринг” ХХК-д менежер;
-
2020-2021 онд “Даш нислэг” ХХК-ийн захирал;
-
2020-2024 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч;
-
2021-2024 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч;
-
2024 оны аравдугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байна.
М.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Болормаа уг албан тушаалд томилуулсан бөгөөд М.Алтангэрэл нь Х.Болормаагийн том хүүгийн найз гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригддаг байна.