Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээний багийн мэдлэг, ур чадвар, удирдан чиглүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор “COP17 Ахисан түвшний хаалттай сургалт-хэлэлцүүлэг”-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Олон талт хэлэлцээний төв (CEMUNE) хамтран зохион байгуулж байна. Сургалт-хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ, COP17 хурлыг даргалагч улс нь зөвхөн хурлыг зохион байгуулах үүрэгтэй бус, хэлэлцээний үйл явцыг шударга, ил тод удирдан чиглүүлж, өөр өөр байр суурьтай улс орнуудын хооронд зөвшилцөл бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бодлогын шийдвэрүүдийг урагшлуулахад голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн газрын доройтол, ган, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдал болон эдгээр сорилтыг даван туулахад шаардлагатай санхүүжилтийн асуудал нь өнөөдөр дэлхийн тогтвортой хөгжлийн хэлэлцээний тэргүүлэх сэдвүүдийн нэг болоод байгааг дурдав.