Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 8 суманд шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг зохион байгууллаа. Судалгааны хүрээнд шумуулаар дамжих халдварын эрсдэлийн асуумжид нийт 193 иргэнийг хамруулж, эрсдэлт бүлгийн 100 гаруй хүнээс цусны ийлдэсний сорьц цуглуулсан байна.
Мөн орон нутгийн иргэд болон аялагчдад 300 гаруй сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн шумуулын тархалт, тоошил, зүйлийн бүрдлийг тогтоох зорилгоор Хяргас, Увс, Ачит, Хар, Толбо нуурууд болон Ховд, Булган голын ай сав орчмоос нийт 3,163 шумуул цуглуулсан байна.