Баян-Өлгийн наадамд Ш.Батырбек улсын цолтой бөхчүүдийг давж, аймгийн заан цол хүртсэн нь олон нийтийн дунд эргэлзээ, хардлага төрүүлж байна

Баян-Өлгийн наадамд Ш.Батырбек улсын цолтой бөхчүүдийг давж, аймгийн заан цол хүртсэн нь олон нийтийн дунд эргэлзээ, хардлага төрүүлж байна

Энэ жилийн отгон наадмуудын нэг болох Баян-Өлгий аймгийн баяр наадам болж, тус наадмын үндэсний бөхийн барилдаанд Эв Монгол клубийн бөх, сумын заан Ш.Батырбек зургаа даван аймгийн заан цол хүртлээ.

Тэрбээр,

  • Нэгийн даваанд- МУГТ, аймгийн арслан Х.Цагаанбаатар,
  • Хоёрын даваанд-Улсын заан Д.Анар,
  • Гурвын даваанд- Улсын начин Н.Мустафа,
  • Дөрвийн даваанд- Улсын харцага Г.Гантулга,
  • Тавын даваанд- Улсын начин Э.Мөнхбаатар,
  • Зургаагийн даваанд- Сумын заан Х.Жарданбек нарыг давж аймгийн заан цолтон болов.

Гэвч түүний барилдааны үеэр зарим үзэгчээс бөхийн барилдааны шударга байдалтай холбоотой шүүмжлэл гарчээ. Тухайлбал, Ш.Батырбек барилдаж байх үеэр үзэгчид “хүүхдийн мөнгө авчхаад унаачээ” гэх зэрэг үг хэлж байсан байна. Мөн тавын давааны ам авах үеэр улсын начин Э.Мөнхбаатар утсаа удаан оролдож суусан нь үзэгчдийн анхаарлыг татаж, зарим иргэнээс “аймгийн начин цолны мөнгөө хурдан шилжүүлээч” гэх зэргээр хашхирсан байна.

Үүнтэй холбоотойгоор аймгийн наадамд бөхийн цол, ам, даваатай холбоотой мөнгө өгсөн гэх яриа олон нийтийн дунд гарч, аймгийн начин цолны мөнгө 50 сая төгрөгт хүрсэн гэх мэдээлэл ч тархаад байна. Гэхдээ уг мэдээлэл одоогоор албан ёсоор баталгаажаагүй бөгөөд хэн нэгэн бөх, баг, зохион байгуулагч мөнгө өгсөн, авсан гэх асуудлыг эцэслэн тогтоосон баримт нийтэд ил болоогүй байна.