НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахтай холбогдуулан Нарантуул, Дүнжингарав болон Шинэ 100 айл худалдааны төв орчмын замын хөдөлгөөнд тусгай зохицуулалт хийхээр болжээ.
Тодруулбал, худалдааны төвүүд рүү чиглэсэн хувийн автомашины хөдөлгөөнийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобусны чиглэлүүдийг ажиллуулах юм. Мөн Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хугацаанд бүрэн хаахаар болсон байна. Үүнээс гадна Намянжугийн гудамж, Нарны зам, Их Монголын гудамж болон худалдааны төвүүдийн орчмын зам дагуух автомашины зогсоолуудыг мөн ашиглахгүй байхаар зохицуулалт хийх аж.
Түүнчлэн Нарантуулын уулзвар орчмын зарим авто замд тодорхой хугацаанд хөдөлгөөний хязгаарлалт тогтооно. Энэ хугацаанд тухайн бүсээр зөвхөн нийтийн тээвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэл болон тусгай чиг үүргийн автомашиныг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Харин хязгаарлалтын бүсэд оршин суудаг иргэдийн автомашиныг урьдчилан бүртгэж, саадгүй зорчуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх юм.