УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Одоогоор уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа бөгөөд АТГ-ын даргыг томилох журмыг өөрчлөхөөр тусгасан байна. Тодруулбал, хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ таван нэр дэвшигчээс олонхийн саналаар сонгон, зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалтыг тусгажээ.
Тус хуулийн төслийн хүрээнд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг дараах байдлаар өөрчлөхөөр боловсруулсан байна.
“21 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох
21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Улсын Их Хурал 5 нэр дэвшигчээс олонхийн саналаар 6 жилийн хугацаагаар сонгон томилно.
21.2. Нэр дэвшигчийг сонгох журам нь дараах байдалтай байна:
21.2.1. Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлэх ажлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна;
21.2.2. Нэр дэвшигчдийг ил тод, өрсөлдөөнтэйгөөр сонгон шалгаруулж, дор хаяж таван нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулна;
21.2.3. Улсын Их Хурал нэр дэвшигчдийг хэлэлцэж, томилгооны сонсгол хийсний дараа нууц санал хураалтаар олонхийн саналаар томилно;
21.2.4. Нэр дэвшигч нь хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.
21.3. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно” гэж тусгажээ.
Ингэснээр одоогийн АТГ-ын даргыг томилох зохицуулалтад өөрчлөлт оруулж, нэр дэвшигчдийг ил тод, өрсөлдөөнтэй сонгон шалгаруулах, томилгооны сонсгол зохион байгуулах, улмаар УИХ нууц санал хураалтаар сонгон томилох эрх зүйн зохицуулалт бий болгохоор санал болгожээ. Хуулийн төслийг ЭНД дарж танилцана уу.