Иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг Dparliament.mn дээр иргэн Д.Гансаруул "Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэл хийх" гарын үсэг цуглуулах өргөдөл санаачилсан билээ.
Тэгвэл уг өргөдөлийг дэмжиж 100 мянган хүн гарын үсэг зурсан байна. Ингэснээр уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм.
Өргөдөл санаачилсан иргэн "Монгол Улсад оршуулгын үйл ажиллагаа, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд асуудлыг салангид хууль, журам, орон нутгийн шийдвэрээр зохицуулж байна. Энэ нь орон нутаг бүр өөр өөр зохицуулалт хэрэглэх, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэх, иргэдийн хооронд маргаан гарах шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын тэлэлт, хүн амын өсөлт, газар ашиглалтын өөрчлөлтөөс шалтгаалан оршуулгын газрын байршил, хэмжээ, ашиглалтын асуудал улам бүр тулгамдсан асуудал болж байна. Мөн зөвшөөрөлгүй оршуулга хийх, төлөвлөгдөөгүй газарт бунхан, хашаа байгуулах, хуучин оршуулгын газрыг цэгцлэх боломжгүй байх зэрэг асуудал гарсаар байна" гэжээ.