"Виз гаргаж өгнө, ажлын байранд зуучилна" хэмээн иргэдээс 3 тэрбум гаруй төгрөг залилсан Л.Эгшиглэнд 10 жилийн хорих ял оноолоо

"Виз гаргаж өгнө, ажлын байранд зуучилна" хэмээн иргэдээс 3 тэрбум гаруй төгрөг залилсан Л.Эгшиглэнд 10 жилийн хорих ял оноолоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх мөрдөн шалгах ажиллагаанд 2-5 жилийн хугацаанд шалгагдсан 491 хохирогчтой иргэдийг цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Лхагвацэдэнгийн Эгшиглэн нь Виз зуучлалын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй “Севеникс виз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021-2023 оны тавдугаар сар хүртэл хугацаанд нэр бүхий 491 иргэнийг “Австрали, Америк, Канад, Шинэ Зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө, ажлын байранд зуучилна ” гэж тус тус хуурч, иргэдээс өөрийн эзэмшлийн болон компанийн эзэмшлийн дансаар 3 тэрбум 603 сая 201 мянга 516 шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад их хэмжээний  хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. 

Шүүх хэргийг хүлээн авч 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч Л.Эгшиглэнг нэр бүхий 491 хохирогчийг залилан 3 тэрбум 603 сая 201мянга 516 төгрөгийн хохирол учруулж уг гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 тэрбум 285 сая 303 мянга 458 төгрөгийн хохиролыг түүнээс  гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.