"Оюуны Инноваци" ТББ-ын хуульчдын баг өчигдөр /2026.04.09/ Үндсэн хуулийн цэцэд "Усны тухай хуульд 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Цэцэд ханджээ.
Энэ нь хуулийн 22.2.1-д "Онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно" гэж заасны " ... Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад ..." гэх зохицуулалт юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д "Нийтийн зориулалттай дэд бүтэц" гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг" ойлгохоор заасан ба хууль тогтоогч Улсын Их хурал энэ заалтыг Усны тухай хуулийн 22.2.1-д эш татаж оруулснаараа зөвхөн Туул гол биш, Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтэц барих үүд хаалгыг нээсэн байна гэж мэдээллээ. Дээрх хуулийн өөрчлөлтийн улмаас Туул голын сав газар олон нийтийн дунд маргаан дагуулж буй Туулын хурдны замыг барих боломжтой болоод байгаа билээ.