Согтуугаар жолоо барьсан 134 хүнд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ

Согтуугаар жолоо барьсан 134 хүнд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэжээ

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг 2024 оноос эхлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон.

Тээврийн прокурорын газраас 2024 онд 385 хүнд, 2025 онд 675 хүнд, 2026 оны нэгдүгээр улиралд 134 хүнд холбогдох “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг үйлдсэн 134 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 17 насны хүн 0.7 хувь, 18-30 насны хүн 35.1 хувь, 31-44 насны хүн 43.3 хувь, 45-аас дээш настай хүн 20.9 хувийг эзэлж байх бөгөөд 87.3 хувь нь эрэгтэй байна. Боловсролын хувьд, дээд болон бүрэн дунд, тусгай дунд боловсролтой хүмүүс зонхилон холбогджээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээг авч үзвэл, 10 хүнд хорих, 80 хүнд торгох, 19 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 25 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 22 хүнд 1-2 жил, 71 хүнд 2-3 жил, 39 хүнд 3 жил, 2 хүнд 5 жилээс дээш хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ. Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.