АТГ: 169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

АТГ: 169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан "Г", "А" нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэх саналтай хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаал эрхэлж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдсон байна. Тодруулбал, тэрбээр Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80.1 сая төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож, бусдад давуу байдал бий болгосон аж. Уг үрийн буудайг улсын нөөцөөс зээлээр олгох гэрээ, хэлцэл байгуулаагүй, төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэн бусдад хууль бус үүрэг өгсний улмаас улсад 80.1 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн дээрх үйлдлээ нуун далдлах зорилгоор хоёр жилийн хугацаанд салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан мэдээ гаргаж байжээ. Түүнчлэн холбогдох төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулж, “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр олгосон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн байна.

Харин яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн амаар өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн гэж үзжээ. Мөн "Г", "А" нар Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас “Дархан-144” элит сортын 89 тонн үрийн буудайг “АБ” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаас өөр төрлийн үрийн буудай өгсний улмаас бусдад 70.4 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Ингэснээр дээрх үйлдлүүдийн улмаас нийт 169 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзжээ. АТГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Яллагдагч "Г", "А" нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 80 мянган төгрөгийн зардал гарсан гэж мэдээллээ.