Эмийн сангийн байршил шилжүүлэхийн тулд хахууль өгөхийг завдсан иргэнийг гурван сая төгрөгөөр торгожээ

Эмийн сангийн байршил шилжүүлэхийн тулд хахууль өгөхийг завдсан иргэнийг гурван сая төгрөгөөр торгожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, прокурорын байгууллагаар дамжуулан шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хэрэгт дурдсанаар иргэн "Д" нь 2025 оны 11 дүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд хахууль өгөхийг завдсан байна. Тэрээр кофе уухыг санал болгохдоо хоосон кофены аяганд нэг сая төгрөгийг бэлнээр хийж таглан, албан өрөөнд нь үлдээжээ. Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн "Ж" уг асуудлыг Авлигын эсрэг хуульд заасан үүргийн дагуу байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр уг хэргийг хэлэлцэж, иргэн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Шүүхээс иргэн Д-д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн үйлдэл нь санаатай бөгөөд хууль бус болохыг ухамсарлан үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдсон гэж дүгнэсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, оролцогчдын эрхийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзжээ.