Хориглосон цаг хугацаанд хамгаалах хэрэгсэлгүйгээр морь унуулсны улмаас хүүхэд мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учируулсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Б.М, Е.С нь нар нь харилцан тохиролцож, Е.С-ийн 11 настай хүүхдээр уралдааны морь унуулж, сар бүр 500 мянган төгрөгийн цалин өгөхөөр гэрээ байгуулж, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт 2024 оны дөрөвдүгээр сараас 2025 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хурдан морь унуулж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц хөдөлмөр эрхлүүлсэн, улмаар 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хохирогч хүүхдээр хориглосон цаг хугацаанд хамгаалах хэрэгсэлгүйгээр морь унуулсны улмаас хүүхэд мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх), мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйл.Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх
1.Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.5 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.