АТГ: 100 сая төгрөгийн хахууль авсан “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудын хэргийг прокурорт хүргүүлсэн

АТГ: 100 сая төгрөгийн хахууль авсан “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудын хэргийг прокурорт хүргүүлсэн

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбарын албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Тодруулбал, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнууд болох А, А, Э нарт холбогдох гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Эдгээр албан тушаалтнууд нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6–0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах” төслийн хүрээнд гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг тус компани өөрөө гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас нийт 100 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байна. Дээрх албан тушаалтнууд нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байсан Орхон аймагт баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн байхад нь гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлт гаргуулах, мөн эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэйгээр шийдвэр гаргасан гэж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Улмаар албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50 сая төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45 сая төгрөг, жолоочийнхоо дансаар 5 сая төгрөгийг тус тус авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн байна. Мөн уг гурван эрүүгийн хэрэгт хахуульд авсан нийт 100 сая төгрөгийг Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд нөхөн төлүүлсэн талаар албаныхан мэдээллээ.