Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн оны долдугаар сарын 26-30-ны өдөр Улаангом хотноо болсон билээ. Тус баяр наадам нь улсын баяр наадмаас ч илүү өргөн дэлгэр, зохион байгуулалттай болсон гэгддэг.
Харин үүнтэй зэрэгцэн нэг аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахын тулд Эрчим хүчний сайдын багцаас хоёр тэрбум төгрөг зарцуулж, цэнгэлдэх орчмын тохижилт, цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн нь олны дургүйцлийг төрүүлж байсан юм.
Тэгвэл Увс аймгийн 100 жилийн ойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн зардлаас нэг тэрбум төгрөгөөр зөөврийн ариун цэврийн байгууламж худалдан авсан байсан зөрчлийг аудитын байгууллагаас илрүүлжээ.
Тодруулбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн зардлаас төсвийн төсөлд тусгаагүй, худалдан ажиллагааны төлөвлөгөөнд батлагдаагүй зөөврийн ариун цэврийн байгууламжид нийт нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, барьцаа баталгааг байршуулаагүй зөрчил илэрсэн байна.

Нарийвчилбал, Увс аймгийн Засаг даргаас "Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор аймгийг зорин ирэх иргэд, жуулчдын ая тухыг хангах зорилгоор ариун цэврийн байгууламж, зөөврийн эко жорлон авахад зориулж 600 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлсэн аж. Энэ дагуу тус яамнаас төсвийн төсөлд тусгаагүй, худалдан ажиллагааны төлөвлөгөөнд батлагдаагүй зөөврийн ариун цэврийн байгууламж худалдан авах дөрвөн тендерийг зарлаж, "Оффроад трэйвэл" ХХК дөрвөн удаа шалгарч 150 саяас 500 сая төгрөгийн гэрээг байгуулж, нийт нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн зардлаас олгосон байжээ.
Мөн "Оффроад трэйвэл" ХХК нь чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах, гэрээний үнийн дүнгийн 5.0 хувь буюу 50 сая төгрөгийн барьцааг байршуулаагүй байсан нь шалгалтаар илэрсэн байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана", 42.5-д "Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор захиалагч худалдан авах гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно" гэж заасныг мөрдөж ажиллаагүй байна.
Тиймээс Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн төсөвт тусгаагүй, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд батлаагүй хөрөнгийг бэлтгэсэн, гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа, зүгшрүүлэх тохируулах хугацааны чанарын баталгааг байршуулаагүй зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлжээ.