ШУУРХАЙ: Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилж, шүүх хурлын өмнө оргон зайлсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайландаас баривчилжээ

ШУУРХАЙ: Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилж, шүүх хурлын өмнө оргон зайлсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайландаас баривчилжээ

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нар хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад орогнож байхад нь баривчилсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  Б.Бямбадоржийг өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Тайланд улсад орогнож байхад нь Монголын интерполынхон баривчилсан байна. Харин Б.Баттулга гэгчийг мөн Тайланд улсад орогнож, тус улсаас Монгол руу хар тамхины төрлийн бодис илгээх гэж байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлэн, баривчилсан байна.

ЦЕГ-аас Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг эрэн сурвалжилж буй мэдээллийг нийтэлж байв

Тодруулбал, Б.Баттулга гэгч нь Монгол Улсын нэр бүхий хоёр иргэний хамтаар "болор метамфетамин" гэх хар тамхины төрлийн бодисыг электрон бараа буюу конденсатор дотор нууж, Монгол руу илгээх гэж байхад буюу энэ оны нэгдүгээр сарын 09-ний /2026.01.09/ өдөр хуулийн байгууллагынхан илрүүлж, улмаар дээрх нэр бүхий хүмүүсийн байршлыг тогтоон баривчилжээ. Тэрбээр бусдын паспортыг ашиглан илгээмж илгээж, баривчлагдахаас зайлсхийхийн тулд байнга байршлаа сольж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж.  

-Б.БЯМБАДОРЖИЙГ ӨМНӨ НЬ ОРГОН ЗАЙЛСАН БАЙХАД НЬ ХОВД АЙМГААС БАРИВЧИЛЖ БАЙВ-

Б.Бямбадорж, Б.Баттулга нарын хүмүүс нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25 /2021.05.25/-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн  төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая/ ам.долларын гүйлгээ хийж, залилсан байдаг. 

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямбадорж нь удаа дараа оргон зайлж байсан бөгөөд хамгийн сүүлд оргон зайлсан байхад нь Ховд аймгаас баривчилж, цагдан хорьж байгаад сулласан байдаг. Гэсэн ч Б.Бямбадорж, Б.Баттулга нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь болохын өмнөхөн дахин оргон зайлсан байдаг юм. Тэгвэл тэд гаднын орон руу оргон зайлсан байсныг нь интерполынхон ийнхүү баривчилсан байна.