Алтан аз, Ичиган лоттерей зэрэг хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19 сая төгрөг залилуулжээ

Алтан аз, Ичиган лоттерей зэрэг хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19 сая төгрөг залилуулжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.02.04/ 24 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх 24 гэмт хэргийн тав нь эзэнтэй, 19 эзэн хэрэг байх бөгөөд нийт хохирлын хэмжээ 115 сая орчим төгрөг байна.

Энэ бол залилах гэмт хэргийн ердөө ганцхан өдрийн тоо юм. Хусдаг сугалааны хонжвор, телеграмм даалгавар биелүүлэх, үнэт чулуу худалдан борлуулах, виз мэдүүлэг, орон сууц худалдах, түрээслэх, цахимаар бараа бүтээгдэхүүн захиалах зэрэг гэмт хэргүүд өдөр бүр бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өчигдөр /2026.02.04/ бүртгэгдсэн хэргүүдээс онцолбол:

-“Өөрийн данснаасаа мөнгөө залилууллаа” гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “Б” нь Монгол саятан, Алтан аз, Хааны баялаг, Ичиган лоттерей гэх хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19 сая 648 мянган төгрөг;

-“Газар зарна гэх зарын дагуу холбогдож залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эмэгтэй, “Ө” нь фейсбүүк дэх хуурамч зар, мэдээллийн дагуу холбогдож, 15 сая төгрөгөө залилуулсан байна

-“Яаралтай хүүтэй мөнгө зээлээч гэх зурвасын дагуу холбогдож, залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй “О” нь бусдын хакердуулсан хаягаас ирүүлсэн зурвасын дагуу гурван сая төгрөг шилжүүлж, залилуусан байна.

Иймд, иргэд цахим орчин дахь зар мэдээллийг сайтар судлах, мөнгө, санхүүтэй холбоотой зурвас мэдээллийг нягтлах, хусдаг сугалаа зэрэг хуурамч дамжуулалтад итгэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.