СУРВАЛЖИЛГА: Жолооч нар "гарц"-аар гарах гэж байгаа хүмүүст зам тавьж өгдөггүйн улмаас хүүхдүүд осолд өртөх нь нэмэгджээ

СУРВАЛЖИЛГА: Жолооч нар "гарц"-аар гарах гэж байгаа хүмүүст зам тавьж өгдөггүйн улмаас хүүхдүүд осолд өртөх нь нэмэгджээ

Хичээлээ тараад явж байсан сурагчид зам тээврийн осолд өртсөн ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр нийслэлд гарлаа.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагаа эхэлжээ. Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид ослын газарт очиж шалгахад Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овооны ойролцоох төв зам дээр наймдугаар ангийн хоёр сурагч явган хүний гарцаар гарч явсан байхад жолооч “Г” тээврийн хэрэгслээрээ мөргөсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор уг хэргийг холбогдох хууль, журмын дагуу шалгаж байгаа аж.

ВИДЕО: 

Энэ нь ганц тохиолдол биш юм. Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээс харахад энэ оны эхний нэгдүгээр сард “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” нийт 446 гэмт хэрэг бүртгэгджээ.

Харин өнгөрсөн онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1230 бүртгэгдэж, 67 хүүхэд амь насаа алдаж, 991 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Эдгээр тоо баримт нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, тэр дундаа хүүхдийн аюулгүй байдал ямар эмзэг байгааг илтгэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлд “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр энэхүү заалтын хэрэгжилт хангалтгүй, жолооч нарын хариуцлага, анхаарал сул хэвээр байгаагаас осол аваар гарсаар байна.

"ӨНГӨРСӨН ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТСӨН 948 ХҮҮХЭД БҮРТГЭГДСЭНЭЭС 600 ОРЧИМ НЬ НИЙСЛЭЛД БАЙНА"

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Зохицуулдаг болон зохицуулдаггүй явган хүний гарцын ялгаа байхгүй. Жолооч гарц руу ойртон ирэхдээ заавал хурдаа сааруулж, явган зорчигчид зам тавьж өгөх ёстой. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлд тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл, явган зорчигч давуу эрхтэй гэсэн үг. Өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн 948 хүүхэд бүртгэгдсэнээс 600 орчим нь нийслэлд байна. Нийслэлд явганаар зорчих хөдөлгөөн их байдаг. Явган зорчигчид зам тавьж өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 20 нэгжийн торгууль ногдуулдаг. Замын хөдөлгөөнд таны хүүхэд, таны гэр бүлийнхэнтэй адил хүмүүс оролцож байгаа учраас жолооч нар дүрмээ баримталж, иргэдэд зам тавьж өгч, соёлтой оролцохыг уриалж байна” гэв.

Сурагчид бол замын хөдөлгөөнд оролцож буй хамгийн эмзэг бүлэг. Хууль, дүрэм ярихаас гадна жолооч бүрийн ухамсар, хариуцлага, болгоомжлол онцгой чухал. Хормын хайхрамжгүй байдал хэн нэгний ирээдүй, цаашлаад амь насыг эрсдэлд оруулж болзошгүйг дахин тодотгоё.