“Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ"-ний захирал В.Адъяа нар Дэлхийн банкны "Эрчим хүч-2" төслийн гүйцэтгэгч компаниас хахууль авсан байжээ

“Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ"-ний захирал В.Адъяа нар Дэлхийн банкны "Эрчим хүч-2" төслийн гүйцэтгэгч компаниас хахууль авсан байжээ

“Эрдэнэт Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн захирал В.Адъяа нарын гурван албан тушаалтныг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Орхон аймаг дахь “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн дарга Х.Азжаргал нарыг Дэлхийн банкнаас санхүүжилттэй "Эрчим хүч-2" төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах комисст оролцон ажиллаж байх явцдаа гүйцэтгэгч компаниас хахууль авч, мөнгө угаан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дээрх нэр бүхий хүмүүсийн гэр, албан өрөө зэрэг газруудад нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.  

Тэгвэл “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн дарга Х.Азжаргал нарыг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Тодруулбал, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл “Мөнгө угаах”, 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйл “Нийтийн албан тушаалтан хахууль авах” 22.5 дугаар зүйл. “Хахууль өгөх” гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа юм байна. 

Дэлхийн банкнаас санхүүжилттэй “Эрчим хүч 2” төсөл 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд

  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур хот, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл,
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл,
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийх,
  • мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10мВт-ын нарны цахилгаан станц барих байсан юм.  



Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө