Таксины 14 мянган төгрөгийн төлбөрөө төлөөгүй согтуу зорчигчийн гар утсыг нь авахын тулд гудамжинд үлдээснээс үүдэн осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ тухай ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн Б.Баярбилэг “Уг иргэн нэгдүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гудамжинд нас барсан байдалтай олдсон байна. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар такси гэдэг нь тодорхой болоогүй байна. Такси үйлчилгээ эрхэлж буй байгууллага, иргэн нь төрийн болон хувийн хэвшил ялгалгүйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зорчигчдын аюулгүй байдлыг хангах нийтлэг үүрэг хүлээнэ. Зорчигчийг аливаа эрсдэлд оруулахгүй байх нь такси үйлчилгээний гол үүрэг" гэжээ.
Түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ такси үйлчилгээ авч буй иргэд ар гэртээ мэдэгдэх, жолоочид нөхцөл байдлаа тайлбарлан өөрийгөө эрсдэлээс хамгаалах шаардлагатайг сануулав. мөн Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа аж.
М.Дэлэг