Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны нэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 583 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 623 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Улмаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан гурван нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгджээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 97 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Улмаар зөрчил тогтоогдсон хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлжээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.