Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2023 оны зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртсөн гэх асуудал үүссэн. Улмаар тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн оны зургадугаар сарын 9-ний өдөр шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд 12 жилийн хорих ял оноосон билээ. Тус шийдвэр болон үүссэн асуудлыг яллагдагчаар татагдсан ламхай хүүгийн ар гэр зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт гэж тайлбарладаг.
Тэгвэл үүсээд буй асуудалтай холбоотойгоор 12 жилийн хорих ял авсан ламхай хүүгийн ар гэрийн төлөөлөлтэй ярилцлаа.
ВИДЕО:
"ӨНӨӨДӨР, МАРГААШГҮЙ БОЛСОН ЭЭЖДЭЭ ДҮҮГЭЭ ДАГУУЛЖ ИРЭЭД ГАНЦ ҮНСҮҮЛЧИХ ЮМСАН ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА"
-Олон нийтийн анхаарлын төвд байсан энэ хэрэг ер нь юу болсон бэ? Та болон танай гэр бүл энэ хэргийн талаар хэзээ мэдэж байсан бэ?
-Миний хувьд энэ үүссэн асуудлын талаар анх 2023 оны 07 сарын 25-ны орчимд мэдсэн. Манай дүүг энэ хэрэгт тус оны долоодугаар сарын эхээр татан оруулсан юм. Тухайн үед дүү маань “юм тодруулах гэж байгаа байх” гэж тоогоогүй. Тухайн хэрэгт хохирогч хэмээн яригдаад буй ээж, хүү хоёрын хувьд Гандантэгчэнлин хийдэд 45 хоног байрласан юм билээ. Ингээд тус хугацаанд лам нарыг маш сайн судалсан гэж бодож байна. Манай гэр бүлийн хувьд хүүхдүүдээ гадаадад сургадаг ч эгэл жирийн гэр бүл. Харин тухайн хэрэгт хохирогч гэгдэж байгаа хүүхэдтэй нэг дор байгаагүй. Тухайн хэрэг олон нийтийн анхаарлын төвд орох үед манай дүү Гандантэгчэнлин хийдээс гараад явчихсан байсан. Цаашлаад, мэдүүлэгт тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд манай дүү Монгол Улсад байгаагүй. Гадаадад шашны сургуульдаа сурч байсан. Мөн энэ хэрэгт манай дүү хамгийн сүүлд яллагдагчаар татагдсан. Энэ бол гүтгэлэг! Бид мөрдөгчдөө тухайн хэрэг гарсан үед манай дүү байгаагүй гэх баримтуудаа өгч байсан. Гадаад паспорт, онгоцны тасалбар зэрэг баримтыг өгөх гэтэл мөрдөгч аваагүй. Энэ баримтыг 2023 оны 07 сарын 28-нд өгсөн. Гэтэл энэ хэрэгт дахин шинэ хохирогч нэмэгдэж, мэдүүлэг хүртэл өөрчлөгдсөн.
"ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД ОРСОН ХЭРГИЙГ НЭГ ТАЛД ШИЙДЧИХДЭГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ДҮҮДЭЭ ТОХИОЛДСОН ЯВДЛААС ХАРЛАА"
-Та анхан шатны шүүхийн шийдвэрийг юу гэж үзсэн бэ?
-Тухайн үед энэ хэрэг олны анхаарлын төвд байсан. Тийм учраас шүүхийн шийдвэр илт нэг талыг барьсан мэт санагддаг. Ер нь ийм олны анхаарлын төвд орсон хэргийг нэг талд шийдчихдэг юм байна гэдгийг дүүдээ тохиолдсон явдлаас харсан. Бид тухайн үед дэлгэрүүлж мэдээлэл нийтлээд байсан сайтуудад ярилцлага өгөхийг маш их хүссэн. Бид ч мөн адил байр сууриа илэрхийлэхийг хүсэж байсан.

-Ар гэрийнх нь нөхцөл байдал одоо ямар байна вэ?
-Манай ээж одоогоос хоёр жил гаруйн өмнө хүнд өвдөж эхэлсэн. Тэр үед дүү маань сурч байсан сургуулиасаа хүртэл чөлөө аваад Монголд ирсэн. Ээж маань сахар, үе мөчний өвчтэй. Энэ нь бөөрөндөө нөлөөлөөд хүндэрсэн. Эмнэлгийн байгууллагаас “Өвчин нь эцсийн шатандаа орсон. Одоо найдваргүй шүү гэж хэлсэн. Бие нь хүнд байгаа учир заримдаа ухаан нь хүртэл муудсан. Хоолой нь ч чанга гарч чадахгүй байсан. “Хүүгээ зүүдэллээ, миний хүүг ганц авч ирээд үнсүүлээд өг” гэж гуйх их хэцүү байсан. Өнөөдөр, маргаашгүй болсон ээждээ дүүгээ авч ирээд ганц үнсүүлчих юмсан гэж хүсэж байна.
"СУЛЛАХ ШҮҮХ ХУРАЛ БУЮУ ГОМДЛЫН ШҮҮХ ХУРАЛ ГУРВАН УДАА БОЛСОН Ч ШАЛТГААНАА ТАЙЛБАРЛАХГҮЙ ХЭР НЬ СУЛАЛДАГГҮЙ"
-Давж заалдах шүүхийн шийдвэрийн тухай.
-Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болсон. Наадмын дараа л болсон юм. Тус шүүх хурлаас хэргийг хэрэгсэхгүй болгож, 12 жилийн ялыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч одоог хүртэл дүүг маань суллаагүй байгаад гомдолтой байна. Олон удаа хүсэлт гаргасан. Прокурор нь шүүхэд дахин шалгуудах гомдол гаргасан юм билээ. Суллах шүүх хурал буюу гомдлын шүүх хурал гурван удаа болсон. Энэ бүрт шалтгаанаа тайлбарлахгүй хэр нь сулалдаггүй. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 14-нд дахин суллах хүсэлт гаргаад байна.
-Та ер нь энэ хэргийг юу гэж хардаг вэ?
-Маш том зохион байгуулалттай, бас их хэмжээний мөнгө яригддаг хэрэг. Хохирогч гэж яригддаг байсан эмэгтэй хүртэл хувийн бизнестэй, амьдралын боломж, нөхцөл сайн байсан. Би яг гарт баригдах цаасан баримт олж чадаагүй. Гэхдээ би хүн гүтгэхгүй. Энэ хэргийн ард маш их хэмжээний мөнгөн дүн яригддаг. Мөн төв Гандангийн нэг лам дээр сүсэгтэн ирээд “Ах лам нарыг гүтгэж, харлуулаад өгөөч ээ. Гурван сая төгрөг өгье, таван сая төгрөг өгье" гэж асуусан тохиолдлууд байсан. Энэ бичлэгийг хүртэл бидэнд явуулж байсан. Бичлэгүүд байгаа. Давж заалдах шатны шүүх хурал дээр үзүүлсэн байх .
-Таны ярианаас дүгнэж үзвэл таны дүүг зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлсэн гэж үздэг юм байна. Зөв үү?
-Тийм. Маш том зохион байгуулалттай хэрэг. Бид нарыг 2023 оны 8 сарын 8-ны өдрийн шүүх хурал дээр мөрдөгч нь “Энэ хэргийг ил болгоод гаргаад ирэх юм бол бурхан гэж үзье” гэж хэлж байсан. Тухайн өдрийн шүүх хурал дээр манай дүү хүлээлгийн танхимд байсан. Тэр үед хохирогч гэх хүүхдүүдтэй ойрхон сууж байсан бөгөөд шинээр нэмэгдсэн хохирогч гэх хүүхэд найздаа дүүгийн маань нэрийг хэлээд “Энэ ах намайг яагаачгүй. Биш байна” гэж байсан. Бид мөрдөгчөөс тус хүүхдүүдээс нэмж, мэдүүлэг авч өгөхийг хүссэн. Даана ч “Тийм юм байхгүй” гэсэн. Мөн дараа нь бичгээр мэдүүлэг авахуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Ганданд суудаг өөр хүүхдүүд хүртэл гэм буруугүйг баталж, цаасаар мэдүүлэг бичиж өгсөн. Энэ хэрэг насанд хүрээгүй хохирогчтой гээд шүүх хурал хаалттай явагдсан. Тухайн шүүх хурал дээр мэдүүлгийг танилцуулсан байх. Ийм нотлох баримтууд ч байдаг.

"ДҮҮ МИНЬ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙГ ХАРЛУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛСОН"
-Таны ярианаас ашиг, сонирхол гэдэг үг олон дахин давтагдаад байна. Энэ хэргийн ашиг сонирхол нь юунд байна вэ. Хэнд ашигтай юм бол.
-Анх бид мэдээгүй. Яагаад ийм зохион байгуулалттай зүйл болсныг гайхаж байлаа. Манай дүү тухайн үед 19 настай буюу дөнгөж насанд хүрсэн байсан. Мөн олон жил бурхны шашинд суралцсан бөгөөд өндөр цолтой ламд тооцогдож байсан. Өөрөөр хэлбэл, Ганданг харлуулж болох хэргэм цолтой лам байсан. Товчхондоо, дүү минь Төв Гандантэгчэнлин хийдийг харлуулах зохион байгуулалттай хэргийн золиос болсон гэж хардаг.
-Та ярилцлагын төгсгөлд юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Хэтэрхий нэг талыг барихаа болиоч ээ. Зохион байгуулалттай зүйл болоод байна. Магадгүй геополитикийн зүйл байж болно, өөр том зүйл байж болно. Нийгмийн сэтгэлзүй ийм юманд бэлэн биш л байсан юм байна л даа. Энэ хэрэгт өнгөцхөн ханджээ. Гэтэл ард нь ийм том зүйл болоод байна аа. Бид тагнуулын ерөнхий газарт ч байдаг эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч байдаг хүсэлт өргөдлөө өгдөг. Том хэрэг учраас мэдээж шалгахад цаг хугацаа орно. Мэдээж үнэн илэрнэ. Ээж маань өнөө маргаашгүй болчихсон байхад миний дүүг аль болох хурдан суллаад өгөөч. Үнэн ил болох нь цаг хугацааны асуудал болоод байна.
-Ярилцсанд баярлалаа.