"Ноорог"-ийн О.Уламсайханд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайханы найз охин Б.Т нь 2024 оны есдүгээр сард гэртээ амиа хорлосон байдалтай нас барсан бөгөөд уг хэрэгт О.Уламсайханыг холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан аж. Улмаар прокуророос О.Уламсайханыг найз охин Б.Т-г амиа хорлох нөхцөл байдалд хүргэх буюу Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
-О.УЛАМСАЙХАН: БИ НАЙЗ ОХИНОО ӨӨД БОЛОХОД НЬ ХУТГАЛУУЛСНААСАА ХЭДЭН МЯНГА ДАХИН ӨВДӨЛТИЙГ АВЧ БАЙСАН-
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалын үеэр тус жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайханы талийгаач найз охины талаар өөрийгөө талийгаач охины дүү хэмээн танилцуулсан нэгэн үл таних иргэн интэр дээрээс мэдээлж, жагсаалыг үймүүлэхийг санаархаж байсан удаатай.
Харин "Ноорог"-ийн О.Уламсайхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард /2025.11.11/ бусдад хутгалуулж хүнд гэмтэл авсныхаа дараа "Сэтгэлийн хүчээр л давна шүү дээ. Би уйлан дуугарч та нарын бах тавийг хангахгүй. Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ, би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү. Ер нь өвдөж айхгүй байна. Намайг яаж ч хэлсэн, бие махбод сэтгэл зүйгээр гэмтээсэн би нэг их тоохгүй.
Би найз охиноо өөд болоход энэнээс хэдэн мянга дахин их өвдөлт аваад даваад гараад ирсэн. Мөн та нар юм л бол өөд болсон найз охиныг маань ярихаа боль малнуудаа. Тэр хүнд чинь ээж, аав, эгч, дүү, хайртай эмээ нь байдаг юм. Гурван сарын баривчилгаанаас хойш өөд болсон хүний ясыг өндөлзүүллээ. Одоо болоо юм биш үү. Нэг салганасан юмыг салганаад энд тэнд бүдчих бүрд бурхан болсон охиныг нь яриад байх хэнд ч шаналантай байгаа.
Надад тохиолдсон явдлыг элдэв янзаар улс төржүүлэх гээд хэрэггүй, юу ч тодорхой болоогүй байна. Ер нь ч наад зодолдоод байсан талууд чинь бүгд надад дургүй. Би алинтай нь ч хамаагүй. Би ямар нэгэн хэрэг хийсэн, айл гэр лүү дайрч орсон бол аль аль нь хамгийн түрүүнд намайг дуртай нь аргагүй хорьчих эрх мэдэлтэй улс. Сэтгэлийн хүчээр ч гэж зүгээр” Physical Asia”-гаас болоод ингээд эхэлчихлээ, үнэндээ сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна. Уушгины дөнгөж наагуур өнгөрсөн" хэмээн цахим сүлжээндээ мэдээлэл оруулж байсан юм.
Ямартай ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж, үүнээсээ болж, бусдад хутгалуулж хүнд гэмтэл авч байсан "Ноорог"-ийн О.Уламсайханыг найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.