Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12 /2025.04.12/-ны өдөр хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байдаг. Улмаар хоёр сар орчим цагдан хорьж байгаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласан билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах", мөн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох "Заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татагдан мөрдөн шалгаж байсан юм.
Тэгвэл Тагнуулын байгууллагаас Г.Ганхуягт холбогдох хэргийг шалгаж дуусаад, түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн байж магадгүй байна.

Улсын харцага Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг н.Учрал, н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочхоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг. Энэ дагуу иргэн н.Тэгшбаяр хуулийн байгууллагад гомдол гаргаж, улмаар Тагнуулаас тухайн хэргийг шалгах болсон гэдэг. Энэ талаар Улсын харцага Г.Ганхуяг "Н.Учрал гомдолгүй, Н.Тэгшбаяр гомдолтой гээд өргөдөл өгсөн намайг шалгуулж байгаа" хэмээн мэдээлжээ.
-"Г.ГАНХУЯГИЙН ПОСТ НЬ БОДИТ БУС ХИЙСВЭР САНААГ ИЛТГЭЖ БАЙНА" ГЭЖ ШУА-ЫН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН ДҮГНЭЖЭЭ-

Харин Улсын харцага Г.Ганхуягийн өмгөөлөгч түүний дээрх постын талаар дүгнэлт гаргуулж, мөрдөх байгууллагад хүргүүлсэн байна. Тодруулбал, Г.Ганхуягийн өмгөөлөгч П.Ганбилэг дээрх постын агуулгыг хэл шинжлэлийн талаас нь ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээр тайлбарлуулахад "Г.Ганхуягийн пост нь бодит бус хийсвэр санаа илтгэж байна, Учрал, Тэгшбаяр нарын нэрийг заан заналхийлсэн, эсвэл "ална" гэсэн утга агуулаагүй байна" хэмээн дүгнэжээ. Тиймээс ч уг дүгнэлтийг Г.Ганхуягийн өмгөөлөгч мөрдөх байгууллагад хүргүүлсэн аж. Харин уг дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий баримт материал мөн гэж үзсэн эсэх талаарх мэдээлэл одоогоор алга байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.