ВИДЕО: Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан бүлэг иргэдийн хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

ВИДЕО: Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан бүлэг иргэдийн хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

Морьт харвааны тусгайлан сургасан 18 тооны адууг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлж, төхөөрсөн байсан хэрэг энэ оны зургаадугаар сар /2025.06.07/-д гарсан. Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд болох 18-29 насны таван хүнийг цагдаагийн байгууллагаас шуурхай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. Ингэхдээ дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж шалгаж байсан юм. 

ВИДЕО:

Тэгвэл Морьт харвааны 18 морьдыг хулгайлсан Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл буюу "олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгодог байсан" хэмээн зүйлчилж шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа аж.  Энэ төлрийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, "зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх" хуулийн зохицуулалттай байна.

-Б.БОЛДБААТАР: МОРЬДЫГ МААНЬ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ ШАВЬ НАР МААНЬ ХОЛБОГДСОНД МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА-

Морьт харвааны 18 морьдыг хулгайлсан этгээдүүд нь морьдыг бүлэглэн хулгайлж, уг хэргээ нуун далдлах зорилгоор морьдын хүзүүнд зүүсэн байсан байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч, жалганд хаяж, улмаар мал нядалгааны газар төхөөрсөн байдаг гэдэг. 

Ташрамд дурдахад,  дээрх хэрэгт холбогдсон зарим иргэн нь Морьт харвааны холбооны буюу нядалсан адуунуудыг унаж, эдэлдэг хүмүүс байсан бөгөөд энэ талаар Монголын үндэсний морьт харвааны холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар "Анд найз, ахан дүүсээс ялгаагүй хүлгүүдээ үхсэн байхыг үзэхэд үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

Хулгайч нар өнгөрсөн жил “Дэлхийн нүүдэлчний наадам”-аас мөнгөн медаль хүртсэн, 100 метр замыг 6 секундэд туулдаг “Буурал хээр” гэгдэх хурдан хүлгийг унаж морьдыг минь туусан байсан. Энэ хэрэгт морьт харвааны холбооны шавь нар маань оролцсонд маш их харамсаж байна" хэмээн ярьж байсан юм. 

Монгол өв соёл болох морьт харвааг түгээн дэлгэрүүлэхэд ашиглаж байсан морьдыг хулгайлан, нядалсан уг хэрэг тухайн үедээ олны сэтгэлийг сэрд хийлгэж байв. Тиймээс ч сайхан сэтгэлт монголчууд Монголын үндэсний морьт харвааны холбоонд хурдан удмын, угшил сайтай гээд өөрсдийн адуун сүргээс бэлэглэж байсан юм. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө