О.Уламсайхан: Цаг хугацааг ухраагаад "Чи ийм зовлон үзнэ, дахиад хийх үү" гэвэл "үгүй" гэж хэлнэ

О.Уламсайхан: Цаг хугацааг ухраагаад "Чи ийм зовлон үзнэ, дахиад хийх үү" гэвэл "үгүй" гэж хэлнэ

Өнгөрсөн хавраас эхлээд “Ноорог” гэх нэр сайнаар болон муугаар асар их дурдагдлаа. Бараг хүн бүр мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Иймд бид энэ оны гуравдугаар сараас эхлэн өрнөсөн үйл явдал, зун болсон "Огцрох амархан" жагсаал, саяхан болоод өнгөрсөн халдлагын хэргийн талаар “Ноорог" медиа агентлагийн үүсгэн байгуулагч О.Уламсайхантай ярилцлаа.

ВИДЕО:

-САНХҮҮГИЙН АСУУДЛААС БОЛООД "18 ХОНОГ" КИНО ЦАЦАГДАХ ХУГАЦАА ХОЙШЛООД БАЙГАА-

-Танай агентлагийн бэлдэж байсан “18 хоног” гэдэг кино хэзээ цацагдах вэ. Үүнийг яагаад асууж байна вэ гэхээр энэ сарын 18-ны өдөр хуулийн байгууллага танай оффист нэгжлэг хийсэн байдаг. Энэ үеэрээ тухайн баримтат киноны 14 терабайт дүрсийг аваад явсан гэдэг зүйлийг та яриандаа хэлдэг. Тэр дүрс бичлэгийг буцааж өгсөн үү?

-Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бид нарт хойшлуулшгүй ажиллагаа явуулж хурааж авсан дүрсийг бид буцааж авсан. Киног бид зургаадугаар сард цацах төлөвлөгөөтэй ажилдаа орчихсон явж байсан. Түүнээс хойш бүтэн сарын турш дүрсээ алдчихаад арай гэж дүрсээ эргүүлж авсан. Тэгээд үйл ажиллагаа доголдоод бүх тоног төхөөрмжөө хураалгасан, хэсэг хугацаанд киноны эвлүүлгээ хийх санхүүгийн чадамжгүй болсон учраас кино цацагдах хугацаа хойшилсон. Улмаар зургаадугаар сард нээх байсан киног есдүгээр сард болгосон. Есдүгээр сард нээх байсан киногоо бид амжихгүй байсаар сүүлд эвлүүлэгтээ өгөөд одоо бүр нэгдүгээр сар луу хойшилж байх шиг байна.

Ер нь санхүүгийн асуудлаас болоод хойшлоод байсан гэсэн үг. Гэхдээ кино гардгаараа гарна. Өмнө нь гарах байсан дүрс бичлэг, агуулга болон ирээдүйд гарах агуулга хоёрт ямар ч өөрчлөлт байхгүй.

-Нууц биш бол кинон дээр юу гарах вэ. Энэ кино хэн нэгний ашиг сонирхлыг хөндсөн үү?

-Шүүмжилж байгаа юмнууд зөндөө байгаа. Сонгогчийн боловсрол болон нэр дэвшигчийн боловсролын асуудлыг хөндөж байгаа. Том, жижиг намууд болон бие даан нэр дэвшигч нарын бүгдэд нь л шүүмжлэлтэй хандсан. Намууд хоорондын нөөцийн тэгш бус байдал бас бий. Гэхдээ тэр бол айхтар сүртэй эрэн сурвалжлах бүтээл биш. Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилготой, сонгуулийн үеэр иргэдийн амьдралд юу болдог, хар машины ард юу болдгийг харуулсан л баримтат бүтээл.

-ӨНГӨРСӨН ХАВРЫН БОЛЖ ӨНГӨРСӨН ПРОЦЕСС БИД НАРЫГ ДУУГҮЙ БОЛГОХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ ГЭЖ ХАРДДАГ-

-Энэ оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хугацаанд найман хүнийг саатуулсан. Гэхдээ энэ үйл явдлыг тойроод өөр өөр мэдээлүүд явж эхэлсэн. Жишээ нь хуулийн байгууллага нь худал мэдээлэл тараасан зүйл ангиар шалгаж байгаа юм гэж анх тайлбарласан. Хууль зүйн сайд нь гарч ирээд мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хүн амиа хорлоход нөлөөлсөн зэргээр тайлбарласан. Харин сошиалд бол гурван үсэгтэй компанитай холбоод л дүүжилж өгсөн л дөө. Та бүхэн Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг зүйл ангиар шалгана гэсэн гэж мэдээлсэн. Энэ болгоныг ярьж байгаа нь энэ үйл явдлууд дээр тайлбар хэлэх үү гэж асуух гээд байгаа юм?

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шөнө бид нарыг PC тоглоомын газраас бариад аваад явсан. Тэр үедээ бид нарыг утсаар хэн нэгэнтэй холбуулаагүй, өмгөөлөгчөөр хангаагүй зэрэг асуудлууд бий. Тэр шөнө шөнөжингөө суулгаад залхаан цээрлүүлэх маягтай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгээд намайг болон манай хоёр найзыг авч үлдээд 19.9.1 гэсэн зүйл заалтыг танилцуулсан. Энэ зүйл заалт нь тэр шөнө сонссон бид нарыг цор ганц зүйл заалт байсан. Маргааш нь хэвлэлийн хурал болоод элэнгүүт сандраад эхэлж байгаа юм. Улмаар хууль зүйн сайд, цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн хэлтэс гээд бүгд мэдээлэл хийсэн ч зүйл заалт нь өөр өөр байсан.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах ажил бид нарт ямар ч хамаагүй. Тийм зүйл байсан бол манай компьютер дээрээс олдох байх. Манай ажлын нэг залуу хоригдсон. Тэр залуугийн ах нь тиймэрхүү зүйлтэй холбоотой болж таарсан. Ерөнхийдөө бид нарыг баривчилсныхаа зөвтгөлийг хийх гээд утсаа хойноос нь хөвөрдөж эхэлсэн гэсэн үг.

Үүний ардаас амиа хорлоход хүргэсэн гэсэн асуудал гарч ирсэн. Нэгдүгээрт “Тогосоо TJ” гэдэг хаягнаас явуулсан гомдол. Хоёрдугаарт манай найз охин амиа хорлосон буюу надад тохиолдсон уй гашуу байгаа юм. Тэр нь гэхдээ энэ үйл явдалтай холбоотойгоор ямар нэгэн хэрэг үүссэн зүйл байгаагүй. Иймэрхүү л юм болсон.

-Үүний цаад талын зорилго юу байсан гэж харддаг вэ?

-Зөвхөн энэ кино ч биш үүнээс өмнө эхэлсэн зүйл. Бид харьцангуй интертаймэнт бус зүйлийг барьж авч контент хийдэг. Ялангуяа эрх баригч нам болон одоо байгаа бүх эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой шүүмжлэлт кинтент хийж байсан. Бүгд л 300 мянгаас дээш үзэлттэй.

-МАНАЙ УЛСАД ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ, АРДЧИЛАЛ, ОЛОН УРГАЛЬЧ ҮЗЭЛ БАЙХГҮЙ-

-Тэгэхээр та бүхнийг чимээгүй байлгах гэж тийм зүйл хийсэн гэж харддаг уу?

-Тийм. Тэгж л хардаг.

-Гомдол гаргагч нь фэйсбүүкийн зохиомол хүн шүү дээ гэж та хэлж байсан. Гомдол гаргасан гэх “Тогосоо TJ” хаягаа олсон уу?

-Олоогүй. Гэхдээ тэр чинь угаас бодит хүн биш. Үзэг.мн гэсэн сайтын хөгжүүлэлтийг хийдэг, бүх зүйлийг нь группууд руу шэйрлэдэг байсан. Гомдлынх нь чатыг бидэнд бас үзүүлсэн. Ерөнхийдөө зохиомол гомдол үүсгээд, зохиомол ажиллагаа явуулсан гэсэн үг.

-О.Уламсайхан гэж олон хүн мэддэг болчихлоо. Ер нь өөрийгөө нэг танилцуулаач?

-Би дижитал маркетинг чиглэлийн хүн. Их сургууль төгсөөгүй. МУИС-д сурч байгаад хаясан. Одоо бол сүүлийн гурван жил ажиллаж байгаа медиа компанитай. Тэндээ контент бүтээж, продакшны бүтээл хийдэг. Хотод төрж, өссөн. Гадагшаа явах шалгалт өгөөд бүх зүйлдээ тэнцсэн ч ажилд орчихсон байсан учраас гадагш сургуульдаа яваагүй. Сүүлийн хэдэн жил медиа компани байгуулан ажиллаад харьцангуй тогтвортой болж байсан ч одоо бол жаахан хэцүү байна.

-Манай улсад байгаа үг хэлэх, өмчлөх, үзэл бодолтой байх эрх хангагдаж байна гэж та үздэг үү?

-Бид нэгдүгээрт зах зээлийн эдийн засгаар замнаж чадаагүй, муулаад байгаа капиталист нийгэм рүүгээ орж чадаагүй юм байна, иргэдийн сэтгэлгээний хувьд ч, өмчийн хувьд ч зах зээлийн эдийн засгаар замнаагүй. Хоёрдугаарт бид нар ардчилал руу яг шилжсэн юм уу, олон ургальч үзэл бас байгаа юу. Сая хүүхдийн мөнгө гэж ярьсан УИХ-ын гишүүн сошиалаар алуулангаа л алдлаа шүү дээ. Ингэхээр олон ургальч үзэл рүү ороогүй байгаа байхгүй юу. Жагсаал хийж үзлээ. Орцондоо хутгалуулж байна шүү дээ. Инээдтэй байгаа биз.

-ЖАГСААЛЫН ҮЕЭР АРААС ДАГАХ, ДАРАМТЛАХ ТОХИОЛДОЛ БАЙСАН-

-Огцрох амархан гэдэг жагсаалын том төлөөлөл нь та. Энэ жагсаалыг та зохион байгуулахад гуравдугаар сард болсон үйл явдлын хор шар байсан уу, үнэхээр нийгмийн шаардлагын илэрхийлэл байсан уу?

-Аль аль нь бий. Гэхдээ манай найзуудад тийм зүйл байхгүй. Мөн зөвхөн хор шар ч биш. Тэр кейс манай үеийн залчуудад эмзэг туссан. Доромжилж байгаа юм шиг л санагдсан. 22 настай хүн тийм их мөнгө олохгүй шүү дээ. Гэтэл олж чадна, мундаг залуу гээд даналзаад байгаа нь инээдтэй санагдсан. Манай жагсаал дээр байсан залуусын бараг тал нь энэ салбарт ажилладаг. Гэтэл ерөнхий сайд нь манай хүү “Хүлэгү контент” гэдэг компанитай. Түүгээрээ ингэж даналзсан гэсэн. Тэр нь тэнэг санагдсан. Тэгж олох угаас боломжгүй гэдгийг мэддэг учраас.

-Жагсаалын үеэр ил, далд дарамт ирж байсан уу?

-“Та хэдийг жагсаалаа дуусангуут хоёр талаас нь хүмүүсээр ачуулах гэж байгаа, шоронгийн рекетүүд сулласан байна” гэх мэт зүйлийг ярьж байсан. Дагаж байгааг бас баталсан. Сөрөг жагсаал хийж байгаа хүмүүсээс хүчирхийлэл үйлдэх оролдлого хийсэн. Яах вэ бүгдийг нь даваад гарсан. Монголд жагсаал хийх ер нь тийм ч амархан биш.

-Огцрох амархан жагсаал үр дүнгээ өгсөн гэж харж байгаа юу?

-Огцрох амархан жагсаал эхлэх үедээ л үр дүнгээ өгсөн байсан. Одоо манайд сайд, дарга нарын хүүхдүүд стори хийж даналзаад байгаа нь хаана байгаа юм. Хоёрдугаарт, У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгч нь “Монгол улс ерөнхийлөгчийн засаглал руу явахгүй, Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй” гэдгээ гурван удаа өөрөө хэлсэн. Мөн хамтарсан засаг болчхоод нэгэндээ шүүмжлэл ч хэлэхгүй байсныг зогсоож, АН дотроосоо бага ч болов эрүүлжээд хамтарсан засгаас гарсан нь маш том үр дүн.

-Танай агентлагийн үйл ажиллагаа хэр үргэлжилж байна?

-Бид энэ оноос өмнө нь жилийн 600 сая орчмыг олдог байлаа. Сонгуулийн үеэр хийсэн бичлэгээс хойш бид нарыг харлуулж бичлэг их хийсэн. Мөн манай хамтрагч томоохон байгууллагууд руу “эднийд захиалга, реклам өгөхөө боль” гэж хэлсэн байсан. Улмаар манай орлого огцом багассан. Ингээд хүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө бизнесийнхээ орлогоор хохироод байж байна. Бид саяхан түрээсээ төлж чдаахгүй оффисоосоо хөөгдсөн. Тэгэхээр бид яаж хохирч байгаа нь ойлгомжтой.

-НАМАЙГ ХУТГАЛСАН ХҮНИЙГ БИ ТАНИХГҮЙ. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ АСАР ИХ ХОХИРОЛ АМСЛАА-

-Саяхан тан руу нэг этгээд халдаад хүнд гэмтэл учруулсан. Яллагдагчийг та таних уу?

-Танихгүй. Гэхдээ энэ бол золгүй явдал. Юм бүхнийг улс төржүүлмээргүй байгаа юм. Гэхдээ энэ хүний надтай муудалцсан шалтгаан нь “чи нөгөө жагсаал хийдэг бацаан мөн үү” гэхээр нь “мөн” гэсэн. Тэгээд “чамаас болж хэчнээн олон хүн хоолноосоо салснийг мэдэж байгаа юу” гэхээр нь “Мэдэхгүй байна” гэж хариулсан. Танайх хэдэн давхарт байдаг юм гэж асуухаар нь хэлээгүй. Намайг гэрт нь ороод эхнэрийг нь зодсон гэдэг тэнэг зүйлийг яриад байгаа. Гэхдээ би хэргийн талаар яривал өөрөө ял авна. Тэр хүн зүгээр л тэр жагсаалыг зохион байгуулсан гээд уурлаад байгаа байхгүй юу. Жагсаал хийсэн хүн болгоныг хутгалж болох уу, намбагүй харагддаг хүн болгоныг хутгалж болох юм уу. Ялангуяа өөрийгөө буруугүй гэдгийг мэдэж байгаа хэрнээ үзэн ядагдах нь утгагүй санагдсан.

-Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хамгаалах үүрэг, чиглэлтэй Хүний эрхийн комисс бий. Энэ байгууллага тантай хамтарч ажилласан уу?

-Ажилласан. Биднийг өнгөрсөн хавар баривчлагдахад ХЭҮК манай дээр дүгнэлт гаргасан. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо ирэлхийлэх эрхэнд халдсан нь үнэн байна гэж дүгнэсэн. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах албатай холбож, сэтгэл зүйн болон аюулгүй байдлыг хангуулах шинжээч томилсон. Тухайн үед хохирол байгаагүй учраас тэр хамгаалалтаас нь татгалзсан. Гэхдээ эцсийн дүндээ намайг хүмүүс таньдаг болоод хожчихлоо гэж бодоод байх шиг байгаа юм. Гэтэл миний бие махбод, сэтгэл санаа, санхүүгийн хохирол асар их бий. Магадгүй надад “чи ийм зүйл туулна, өөрөө болон өөрийнхөө ойр дотнын амьд болоод нас барсан хүмүүсийн нэр төрд ингэж халдуулна, чи дахиад хийх үү” гэвэл би “үгүй” гэж хэлнэ. Үзэл бодлоо ирэлхийлснээс болоод амссан хохирол асар их байна.

-Ярилцсан танд баярлалаа.