Зариг.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 07-ны /2024.11.07/ өдөр болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан нь энэ долоо хоногийн гол сэдэв байлаа.
Түүнийг эрүүгийн хуулийн таван зүйл ангиар буруутган ял оноосны нэг нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараасан гэх хэрэгт буруутган 3 сарын зорчих эрх хязгаарлах ял оноосон юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-"МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР НАР СЭТГҮҮЛЧДИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЯЛЛАХЫГ ДЭМЖСЭН"-
"Худал мэдээлэл тараах" гэсэн Эрүүгийн тухай хуулийн энэхүү зүйл заалт өмнө нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг байсныг 2020 онд Эрүүгийн хуульд оруулсан хуульчилсан байдаг.
Тодруулбал, тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны /2020.01.10/ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Уг хуулийн төслийг боловсруулж байх үед Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ Ажлын хэсэгт байлцаж, уг заалтыг эрүүгийн хуульд оруулахыг дэмжсэн байдаг. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Гүтгэх асуудлаар сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг МСНЭ дэмжсэн" гэдгийг тодотгож байсан юм.
ВИДЕО: Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл
Нэг үгээр хэлбэл тухайн үеийн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар нь сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар яллахыг дэмжсэн гэсэн үг.
-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ” ГЭСЭН 13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛД ХОЛБОГДУУЛАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МАРГААН ҮҮСГЭЛЭЭ-
Тэгвэл МСНЭ-ийн тэргүүн асан Х.Мандахбаяр нарын сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар яллахыг дэмжиж батлуулсан гэгддэг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчсөн байна хэмээн гомдол гаргасан нэр бүхий сэтгүүлч, иргэний гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байгаа аж.
Тодотговол, сэтгүүлч А.Баярмаа, Ж.Баттуул, иргэн Л.Галбаатар, С.Номынбаясгалан нар Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...", Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтын "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй..." гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан аж.
Энэ дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Товчхондоо, улстөрчид, дарга нар иргэд, сэтгүүлчдээс өш хонзонгоо авах зорилгоор ашигладаг болсон гэгддэг Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэг буюу худал мэдээлэл тараах зүйл заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр болжээ.
Ийнхүү худал мэдээлэл тараах гэсэн заалт нь ҮХЦ дээр маргаан үүссэн тул энэхүү зүйл ангиар шүүгдэх хэргүүд Цэцийн шийдвэр гарч, эцэслэгдэх хүртэл түр түдгэлзэх юм.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйл /Хэргийг түдгэлзүүлэх/-ийн 1.3-т "Тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол хэргийг түдгэлзүүлнэ" гэж заасан байдаг юм.