Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Швед улсад саатуулаад буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг шилжүүлэн авчрахаар манай улсын хууль хяналтын байгууллагаас тус улсад хүсэлтээ хүргүүлээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа буюу 2022 оны долдугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байдаг.
Тиймээс Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан юм.
Тэрбээр Монгол Улсаас орон зайлсныхаа дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхээс 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил хорих ял ногдуулсан бөгөөд тэрбээр ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтсан аж.
Тиймээс ч Г.Ган-Очирыг Монгол Улсаас гадна Францын тал Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна.
Энэ дагуу Г.Ган-Очирыг энэ оны наймдугаар сарын 21 /2025.08.21/-ний өдөр Швед улсад саатуулсан байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг шилжүүлэн авчрахаар манай улсын хууль хяналтын байгууллагаас Швед улсад хүсэлтээ тавиад байгаа аж. Харин түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улс болон Франц улсын аль улсад нь шилжүүлэх өгөх, эсэхийг Шведийн хууль хяналтын байгууллагаас шийдэх юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.