"Ардчилсан нам"-ын дарга Л.Гантөмөр энэ оны хоёрдугаар сард Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнгөрөгч хоёрдугаар сарын 13 /2025.02.13/-ны өдөр мэдээлэл хийж, "тус холбооны удирдах зөвлөл хуралдаж тодорхой хуулиудыг үндэслэн Л.Гантөмөрийг АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргалаа" гэж мэдэгдсэн байдаг. Т.Хасбаатар тус хэвлэлийн хурлынхаа үеэр "АН-ыг сөрөг хүчин байж, шударга ёсыг бэхжүүлээсэй гэж ард түмэн саналаа өгсөн. Гэтэл Л.Гантөмөр гэдэг нөхөр Шадар сайдын өндөр албан тушаалд очоод АН-ыг бүхэлд нь МАН-ын халаасны нам болгосон. АН-ын тамга МАН-ын даргын сейфэнд хадгалаастай байгаа ..." гэх зүйлийг мэдээлсэн юм.
Харин Т.Хасбаатарын тус мэдээллийн дараа АН-аас мэдэгдэл гаргаж, "Өөрийгөө Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийсэн иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүний бүртгэлд бүртгэлгүй тул Ардчилсан намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй ..." гэх хариу тайлбар өгч байв.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор АН-ын дарга Л.Гантөмөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өөрийг нь гүтгэсэн гэж үзээд цагдаагийн байгууллагад хандаад байсан юм.
Тэгвэл тус гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж гэдгийг эх сурвалж мэдээллээ.Тодруулбал, Л.Гантөмөрийн гомдолтой Т.Хасбаатарт холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Одоогоор тухайн хэргийг прокуророос татан авч, хянаж байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Т.Хасбаатар нь 2011 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож байжээ. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын ажлаа өгсөн байна. Харин 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшиж байжээ. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Би Японд сурч байгаад 2001 онд ирсэн. Тэр үед Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдчихсан байсан. Бүр УИХ-д нэг суудалтай байсан. Тэр үед энэ намд гишүүнээр элссэн. Түүнээс хойш Үндэсний бодлогын хороо, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Өвөрхангай аймгийн намын хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг хийж байсан. Намайг үе, үеийн дарга нарт халтай гэж ярьдаг. Н.Алтанхуяг, З.Энхболд дарга нартай үзэл санаа таарахгүйн улмаас зөрчилдөж хөөгдөж байсан. Гэхдээ Ардчилсан намд нэг сайхан зүйл бий. Тэр нь гишүүнчлэлийг сэргээх боломж. Одоо би намын гишүүн" гэдгээ тодотгож байсан юм.
Харин Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны мэдээллийг УБЕГ-ын burtgel.gov.mn сайтаас шүүж үзэхэд, "Тус холбоо нь 2011 оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргаар Т.Хасбаатар" бүртгэлтэй байна.